
Энэ дагуу, Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаагаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 10 дугаар сарын 20-28-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэг өнгөрсөн 9 дүгээр сараас эхлэн Баян-Өлгий, Ховд, Увс, Булган, Хөвсгөл, Орхон аймгуудад ажилласан бол энэ сарын 20, 21-ны өдрүүдэд Хэнтий аймагт 2 өдрийн сургалтаа зохион байгууллаа. Сургалтаар коронавируст халдвартай тэмцэх, сэргийлэх удирдлагын тогтолцоо, хяналт, эрсдлийн үнэлгээ, түүний харилцаа холбоо, олон эх сурвалжит мэдээллийн тандалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, хавьтлын судалгаа, хилийн нэвтрэх цэгийн хяналт зэрэг олон сэдвээр мэргэжлийн байгууллагууд сургалт, илтгэл практик сургуулилт зэргийг хослуулан явууллаа.

Хэнтий аймаг нь ажлын хэсгийн сургалт хийж буй 7 дахь аймаг юм. Тус аймаг нь газар зүйн байрлалаасаа хамааран Дорнод, Сүхбаатар аймгуудаар дамжин өнгөрч буй хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөн ихтэй бөгөөд корона вируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 3 удаагийн салбар дундын эрсдэлийн үнэлгээ хийхэд “Дунд магадлалтай” эрсдэлтэй гарсан байна. Энэ тохиолдолд аймаг, нийслэлийн мэргэжлийн багууд идэвхижиж байнгын бэлэн байдлыг хангаж ажиллах зөвлөмжтэй. Үүний дагуу Хэнтий аймгийн ОБГ, МХГ, ЭМГ, Авто Тээврийн Төв зэрэг байгууллагууд “Ковид-19” цар тахлын өндөржүүлсэн бэлэн байдлын үед хамтын уялдаа холбоотой ажиллаж 1008 том оврын автобус болон 40553 иргэдээр асуумж судалгаа бөглүүлж хяналт тавьж ажилласан талаар аймгийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баасандорж хэлж байлаа.
Хоёр өдрийн сургалтанд Хэнтий аймгийн ХэАЗДТГ, МХГ,ОБГ, АЭМГ, Сум дундын штаб, ЗӨСТ, Мал эмнэлгийн газрын удирдлагууд болон холбогдох 120 гаруй мэргэжилтэнүүд хамрагдаж байна. Мөн тус аймгийн 18 сум, 4 тосгоны онцгой комиссын 170 гаруй алба хаагчид цахимаар сургалтанд оролцлоо. Шадар сайдын тушаалаар томилогдсон ажлын хэсгээр ахлуулсан баг ЭМЯ, УОК, ОБЕГ, МХЕГ, ХӨСҮТ, МУЗН, ДЭМБ зэрэг байгууллагуудын мэргэжилтэнүүдээр багаа бүрдүүлсэн бөгөөд энэ оныг дуустал 21 аймгийн холбогдох мэргэжлийн бүх нэгжүүдийг сургалтанд хамруулах гэнэ.