Дэлхий дахинд тархаад буй “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт дадлага сургуулийг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд өнөөдөр “Яармаг-100”, “Яармаг-300” эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг хийлээ.Өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулагдсан тус дадлага сургуулилтад НЭМГ-ын харьяа 29 эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, нийт 400 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн оролцсон юм.


Сургуулилтын хүрээнд Буянт-Ухаа спортын ордны 7790 м2 талбайд дэлгэсэн “Яармаг-300” эмнэлэг нь “Ковид-19” халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн 300 иргэнийг хүлээж авч, эмчлэх хүчин чадалтай аж. Эмнэлгийн хоёрдугаар давхрыг нөөцөнд авч, өвчлөл хүндэрсэн тохиолдолд 200 ор нэмж дэлгэхээр зохицуулалт хийсэн байна.


“Яармаг-100” эмнэлэг нь 2800 м2 талбайд хүнд болон маш хүнд өвчтөнийг хүлээж авч, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчлэх зориулалтаар зохион байгуулагдсан байна. Шаардлагатай тохиолдолд 1000 хүртэл ор дэлгэж, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой аж.


Түүнчлэн үзлэг оношилгооны өрөө, эмчилгээний тасгуудаас гадна эм, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний нөөц, эмч ажиллагсадын хувцас өмсөх, солих болон амрах өрөө, ариутгал халдваргүйтгэл, лаборатори зэрэг шаардлагатай бүхий л зохион байгуулалтыг хийсэн байна.
Энэ ч утгаараа, халдварын үеийн нөхцөл байдалд өвчтөнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бодитоор нь үзүүлэх тус сургуулилтаар дамжуулан эмч, эмнэлгийн мэргэжилтэн хэрхэн өөрийгөө сэргийлэх арга барил, дадлагыг давхар эзэмшиж байгаа нь чухал ач холбогдолтой байлаа.








