2015 оны 10 дугаар сарын 23-29-ний өдрүүдэд Австрали улсын Сидней Их Сургуулийн профессор Роберт Кумминг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Геронтологийн үндэсний төвтэй хамтран Монгол улсад ажиллаж ахмад настны эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцлаа.
Уг үйл ажиллагааны хүрээнд Эрүүл мэнд, спортын яаманд насжилтын асуудлаарх салбар дундын уулзалт зохион байгуулж ЭМСЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Амарсайхан, Гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн хэлтсийн дарга Х.Баавгай, Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзул болон бусад холбогдох хүмүүстэй уулзаж ахмад настны чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого хөтөлбөр үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрээр Геронтологийн үндэсний төв, Төгөл ахмадын сувилал, Улаанбаатар төмөр замын ахмадын хороо, Сонгино Хайрхан Дүүргийн Эрүүл Мэндийн Төв болон тус дүүргийн 31 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Мөн 10 дугаар сарын 27-ны өдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн эрдэмтэн багш нартай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож “Остеопороз болон явганаас унаж бэртэх” сэдвээр оюутнуудад лекц уншлаа.
Хөтөлбөрийн төгсгөлд профессор Роберт Кумминг Геронтологийн үндэсний төвийн захирал М.Нямсүрэн, Чанарын албаны дарга Т.Дулмаа, СЭШГХХА албаны дарга Ч.Одгэрэл нартай дүгнэлт уулзалт хийж Монгол улсын ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцсандаа сэтгэл хангалуун байгаа бөгөөд цаашид хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.