БНХАУ-ын Эрээн хотын Хилээр орох гарахыг хянан шалгах, хорио цээрийн товчооны мэргэжилтнүүд 2015 оны 10 дугаар сард ЗӨСҮТ-д зочилж, хамтын ажиллагааны чиглэлээр удирдлага болон ажилтнуудтай уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр товчооны дарга Ванг Ду Шин манай 2 байгууллага анх 1982 оноос хойш байгалийн голомтот өвчний хяналтын асуудлаар ажиллаж эхэлсэн түүхтэй ба 2007 оноос Бээжин хот дах Хорио цээр, хяналтын академийн удирдлаган дор хил орчмын тандалт судалгаанд оролцож байна. Манай байгууллага Хятадын хилийн боомт орчмын нутгийн хулгана тахал, тарваган тахал өвчний агуулагчид болон голомтын судалгааны арвин мэдээлэл, туршлагатай гэж ярилаа.
Тэрээр танай байгууллага ч олон жилийн судалгааны мэдээлэл, туршлагатай тиймээс цаашид бид дараах чиглэлээр хамтран ажиллах саналтай байна гэлээ.
• Монгол улсын Замын үүд, Хятадын Эрээн хот орчимд байгуулах гэж буй худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэр, үйл ажиллагаанд 2 талаас хяналт тавих шаардлагатай байгаа тул энэ чиглэлээр хамтран ажиллах
• Хятадын хил орчимд чичүүлийн тархалт их ба бид судалсан байдаг Монголын талд ч байгаа байх тиймээс энэ асуудлаар хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх
• Судалгааны үр дүнгээр хамтарсан хурал, семинар зохион байгуулах, илтгэл бүтээл хэвлүүлэх
• Сургалт, эрдэм шинжилгээний зорилгоор амьтан, шимэгчдийн музейн үзмэр солилцох
ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах төвийн үйл ажиллагааны талаар танилцуулж, чөлөөт бүсийн асуудал, эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон музейн баяжалт дээр хамтран ажиллах асуудлыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Харилцан санал солилцсоны дараа зочид ЗӨСҮТ-ийн хүндэтгэлийн танхимд зочилж, талархлын дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээлээ.