Дэлхийн Уугуул иргэдийн анхдугаар наадам Бразил Улсын Палмас хотноо 10 дугаар сарын 23-наас 31-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Уугуул иргэдийн эрхийг хамгаалах, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой уг наадмыг Рио - 2016 Зуны Олимпийн тоглолтын гараа болгон дэлхийн хэмжээнд анх удаа зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Наадмын нээлтийн ажиллагаанд Бразил Улсын Ерөнхийлөгч Дилма Руссеф хүндэтгэл үзүүлэн оролцож, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун “Дэлхийн Уугуул иргэдийн анхдугаар наадам нь хүн төрөлхтөний эв нэгдлийн баяр болж байгаа”-г онцлон тэмдэглэсэн илгээлтийг илгээв. Энэхүү наадмын үеэр усанд сэлэлт, бөх, сурын харваа, олс таталт, хөл бөмбөг, 1000 метрийн гүйлт, жад шидэлт, завины уралдаан, тусгай бэлтгэсэн мод өргөж гүйх зэрэг спортын 11 төрлөөр нийт 24 орны 1800 гаруй тамирчин авхаалж самбаагаа сорихоор хуран цуглаад байна. Монголоос харваач Б.Хүрэлбаатар ахлагчтай тамирчид сурын харвааны төрөлд оролцож, үндэснийхээ уламжлалт сурын харвааг дэлхий нийтэд сурталчлахын зэрэгцээ монголын урлагийн тоглолтоос сонирхуулах юм.