Эрүүл мэнд, спортын яам нь эмнэлгийн яаралтай тусламжийн тогтолцоог боловсронгуй болгох, яаралтай болон түргэн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, шуурхай байдлыг хангах зорилгоор “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөр, “Эмнэлгийн яаралтай тусламжийн шинэчлэл” стратегийн хэрэгжилтийг тус тус ханган ажиллаж байгаа билээ.
Эдгээр хөтөлбөр, стратегийн хүрээнд хийгдэж байгаа олон ажлуудын нэг нь 2015 оноос хэрэгжиж эхлээд байгаа орон нутгийн хүн амд үзүүлэх яаралтай тусламж үйлчилгээг чадавхижуулах зорилгоор Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Туркийн Засгийн газар, Туркийн Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /TИKA/ байгууллага, ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Архангай, Өвөрхангай аймгийн яаралтай тусламжийн чадавхийг сайжруулах” төсөл юм. Энэ нь яаралтай тусламжийн салбарт ЭМСЯ, Туркийн Засгийн газартай хэрэгжүүлж байгаа анхны төсөл гэдгээрээ онцлог.
Уг төслийн хүрээнд “Эмнэлгийн яаралтай тусламж, гамшиг, онцгой байдлын үеийн тусламж, үйлчилгээ” сэдэвт сургалт Турк улсын Измир хотод 2015 оны 10 дугаар сарын 10-23-ны хооронд зохион байгуулагдлаа. Тус сургалтад ЭМСЯ, Архангай, Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 15 эмч, мэргэжилтэн хамрагдсан юм. Сургалтын хугацаанд амилуулах суурь тусламж, амь тэнссэн үеийн лавшруулсан тусламж, хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж, осол, гэмтлийн яаралтай тусламж, гамшиг онцгой байдлын үеийн удирдлага сэдвээр мэдээлэл авч мэдлэгээ дээшлүүлсэн. Мөн онолын сургалт бүрийн дараа дадлага, гардан үйлдэл, дадлага сургуулилалт хийж байснаараа эмч, мэргэжилтний ур чадварыг нэмэгдүүлэхэд ихээхэн үр дүн өгсөн сургалт боллоо.
Мөн сургалтанд оролцогчид Монгол Улсын яаралтай тусламжийн тогтолцоо, Архангай, Өвөрхангай аймгийн яаралтай тусламжийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийсэн. Турк улсын эмнэлгийн яаралтай болон түргэн тусламж, онгоцны түргэн тусламжийн үйлчилгээ, өрхийн эрүүл мэндийн төв, хоёр гурав дахь шатлалын эмнэлгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, туршлага судлав. Турк улсын Эрүүл мэндийн яам, ТИКА байгууллага, Измир хотын Эрүүл мэндийн газрын төлөөлөлтэй уулзаж эмнэлгийн яаралтай тусламжийг сайжруулах төсөл, сургалтын талаар санал солилцсон.
Төслийн үйл ажиллагаа цаашид хоёр жил үргэлжлэх бөгөөд уг төслийг хэрэгжүүлэхэд санааачлага гарган хамтран ажилласан Бүгд Найрамдах Турк улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Мурат Карагез, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Су Нюунт-У болон тэдний хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ