АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй "Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр (ЭМСХХ)-5" төслийн дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам 2015 оны 10 дугаар сарын 19-23-ны өдрүүдэд "Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент"-ийн сургагч багш бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Уг сургалтад ЭМСЯ-ны харьяа Нийслэлийн эрүүл мэндийн газар, Улсын 1,2,3-р төв эмнэлэг, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Эмгэг судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Орхон, Дорнод, Дархан-Уул аймгийн ЭМГ, Өвөрхангай, Ховд, Өмнөговь аймгуудын БОЭТ, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, АШУҮИС, ФАИР Төлөөлөгчийн газар, Элемент ХХК-ийн холбогдох 30 мэргэжилтэнг “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент"-ийн сургагч багшаар бэлтгэж, сургагч багшийн гэрчилгээ гардууллаа.
Тус сургалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ДЭМБ болон Иллинойсийн Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн хамтран боловсруулсан 2014 оны хөтөлбөрийн дагуу зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийн үндэсний сургагч багш нарыг бэлтгэн, бэлтгэгдсэн сургагч багш нарыг чадавхижуулж, холбогдох гарын авлага, материалаар хангалаа.
Тус сургалтад оролцогчид эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийн чиглэлээр сүүлийн үеийн арга технологи, бодлого чиглэл, харилцан туршлага солилцсон үр дүнтэй сургалт боллоо гэж дүгнэлээ.