
Уулзалтаар Монгол, Хятад хоёр улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн сургалт, харилцан солилцоо, хөрөнгө оруулалт, анагаах ухаан, эрүүл мэндийн шинэ дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан мэдлэг туршлага солилцох зэрэг хамтын ажиллагааны тухай ярилцлаа.


Энэ жилийн сургалтууд монгол хэл дээр зохион байгуулагдаж байгаа онцлог давуу талтай бөгөөд энэ нь сургалтын үр өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна. Ирэх 2020 онд сувилахуй-хөнгөвчлөх, яаралтай тусламж болон эмгэг судлалын чиглэлээр сургалтыг зохион байгуулах саналыг хүргүүлсэн байна.

Хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж буй ажлын нэг нь “Цахим эрүүл мэнд” төсөл юм. Төслийн хүрээнд нийт 112 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээллийн технологийн тоног төхөөрөмж болон “e-health” програм хангамжаар хангаж, улмаар эдгээр эмнэлгүүдийн програм хангамжийг холбож, Мэдээллийн үндэсний төвд нэгтгэн зангидах зорилготой.Одоогоор улсын болон тусгай 12 эмнэлэг, 9 дүүргийн эмнэлэг, 21 аймгийн эмнэлэг болон 6 сумын эмнэлгүүд болох нийт 48 эмнэлгүүд дээр тоног төхөөрөмж болон програм хангамжийн суурилуулалт хийгдэх ба үлдсэн 64 байгууллагуудад зөвхөн тоног төхөөрөмжийн хүргэлт хийгдсэн байна.