IAGG буюу Олон Улсын Геронтологи Гериатрийн Холбоо нь анх 1950 оны 7 дугаар сард Белги улсад байгуулагдсан. Уг байгууллага нь эрүүл мэнд, халамж, хууль эрх зүйн судалгааны үр дүнг хуваалцах олон улсын сүлжээ, харилцааны талбар болж ажиллах замаар дэлхий даяар настан хүн амын амьдралын чанарыг сайжруулах зорилготой юм.
10 дахь удаагийн Олон Улсын Геронтологи Гериатрийн Холбооны Ази Номхон Далайн Бүсийн хурал 2015 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд Тайландын Чиангмай хотноо "Healthy Ageing Beyond Frontiers" сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
Дөрвөн жилд нэг удаа зохиогддог уг бүсийн хурал нь геронтологи, гериатрийн чиглэлээр үйл ажиллаагаа явуулагч, судалгаа шинжилгээ туурвигч, бодлого боловсруулагч нарт цуглаж судалгаа бүтээлийнхээ үр дүнг хуваалцаж хэлэлцэх боломжийг олгодог.
Уг хуралд Монгол улсыг төлөөлж “Монгол настнуудын нийгмийн байдлыг тодорхойлох нь”, “Настны ясны сийрэгжилтийн түвшин болон өвдөгний остеоартритийг илрүүлэх судалгаа” зэрэг илтгэлүүд хэлэлцүүлж геронтологи, гериатр өндөр хөгжсөн орны туршлагыг судалж, өөрийн оронд нутагшуулах боломж нөхцлийг судлах зорилгоор Геронтологийн үндэсний төвийн Сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Ч.Одгэрэлээр ахлуулсан Монголын Геронтологи Гериатрийн Нийгэмлэгийн гишүүн 8 ахмадын эмчийн баг Тайланд улсад ажиллаж байна.