2014 онд улсын хэмжээнд 4172 сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдсэн ба 100 000 хүн амд 142 ногдож байна. Үүнээс 14 хүртэлх насны 385 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн нь нийт сүрьеэгийн 9.2 хувь, 16-44 насныхан 68.7 хувийг эзэлж байна. Манай улсад идэр залуу хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн насны хүмүүсийн дунд сүрьеэгийн өвчлөл, нас баралт өндөр байхын зэрэгцээ сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэ ихсэж байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болж байна.
2014 онд Улаанбаатар хотын 9 дүүрэг, болон орон нутагт сүрьеэгийн тархалтын судалгааны ажлыг зохион байгуулсан. Судалгааны урьдчилсан үр дүнгээр хотын хүн амын дундах уушгины сүрьеэгийн тархалтын түвшин 100000 хүн амд 316 байгаа нь жил бүр бүртгэгддэг тохиолдлын түвшингээс 3 дахин өндөр буюу хүн амын дунд бүртгэгдээгүй сүрьеэгийн тохиолдол өндөр байх магадлалтайг харуулж байна. Сүрьеэгийн кабинетуудад анхан шатны маягтын хөтлөлт, тайлан мэдээ гаргалт цаашид анхаарах зүйлс зэргийг зохих шатны эмч, мэргэжилтнүүдэд танилцуулах, интернетэд суурилсан мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх, нотолгоонд суурилсан тандалт судлагаа явуулах зэрэгт тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор уг зөвөлгөөнийг зохион байгуулж байна. Мөн сүрьеэгийн тусламж үйлчилгээнд аймаг дүүрийн засаг даргын тамгын газрын шийдвэр гаргагч нарын дэмжлэг оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Уг арга хэмжээнд аймаг дүүрийн засаг даргын тамгын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, сүрьеэгийн зохицуулагч эмч , ЭМСЯ, төрийн бус байгууллагуудын зочид төлөөлөгчид нийт 96 хүн оролцож байна.