Хэн нэгний ганц удаа өгсөн цус гурван хүний амь насыг авардаг. Энэ утгаараа цусны донор хүнийг дэлхийн аль ч улсад “Жинхэнэ баатар”, “Чимээгүй баатар”, “Эгэлгүй баатар” гэх зэргээр өргөмжлөн алдаршуулдаг. Өнөөдөр 100-гаас дээш удаа цусаа бэлэглэсэн ачтан донорууддаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эгэлгүй ач гавьяаг бусдад сурталчлан алдаршуулах “Амь бэлэглэсэн амь” сэдэвт ёслол хүндэтгэлийн ажиллагаа “Holiday inn Ulaanbaatar” төвд боллоо. Энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, Монголын Улаан загалмай нийгэмлэг хамтран анх удаагаа зохион байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, Донорын тухай хуульд тусгагдсан донорыг алдаршуулах, урамшуулах заалтыг хэрэгжүүлэх хүрээнд НЗДТГ-аас түүчээлэн санаачилсан ажил гэсэн үг.

Хотын дарга үгийнхээ төгсгөлд “Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын зүгээс эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлнэ” гэлээ.
Хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд хотын дарга С.Амарсайхан 220 удаа цусаа бэлэглэж, 660 гаруй хүний алтан амийг аварсан “Топ донор” Д.Бум-Эрдэнэд нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одон гардуулж, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөлөө.







