Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн Сангаас БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-ийн дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж буй “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн, уур амьсгалд тэсвэртэй Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төслийн Зөвлөх хорооны хурал болж өнгөрлөө. Хурлаар төсөл эхэлснээс хойш хэрэгжүүлсэн гол үйл ажиллагаа, амжилт, сургамжийн талаар хэлэлцэж, 2020 оны ажлын төлөвлөгөөний төслийг танилцуулав.


Төслийн хүрээнд үр дүнтэй хэрэгжсэн нэг ажил бол алслагдсан сумдын сургуулийн дотуур байранд халуун усны байгууламж барьж, дотуур байрны сурагчдыг ариун цэвэр, эрүүл ахуйг сахих боломжоор хангаж өгсөн явдал юм. Энэ нь өвлийн улиралд хүүхдүүдийн дунд түгээмэл байдаг ханиад томуу болон томуу төст өвчний тохиолдлыг багасгах ач холбогдолтой.

Төслийн зөвлөх хорооны хурлаар ирэх онд сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинэлэг технологи, нэмэлт инновац нэвтрүүлэн улам боловсронгуй болгох, аймаг, сум хоорондын хамтын ажиллагаа, мэдээлэл солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахыг удирдамж болгосон байна.







