
Цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга нээж, 2017-2019 оны эхний 11 сарын байдлаарх улсын хэмжээний эхийн эндэгдлийн тухай мэдээллийг танилцууллаа. Тэрээр 2019 оны эхийн эндэгдлийн шалтгаанд эх барихын бус шалтгаан давамгайлж байгаатай холбогдуулан, эхийг жирэмслэлт, төрөлтөд бэлтгэхийн тулд нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулан, эрхтэн тогтолцооны хавсарсан эмгэгийг илрүүлэх, эмчлэх, эрүүлжүүлэх ажлыг үр дүнтэй хийх, жирэмснийг эрт илрүүлэх, өндөр эрсдэлтэй жирэмсэн эхийн жирэмснийг үргэлжлүүлэн тээлгэх эсэх асуудлыг эх барих эмэгтэйчүүдийн эмч холбогдох нарийн мэргэжлийн эмч нартай хамтран эрт шийдвэрлэх асуудлыг онцгойлон анхааруулав. Түүнчлэн эхийн ноцтой хүндрэлээс сэргийлэхийн тулд жирэмсэн, төрөх, төрсний дараах үеийн эхийн хяналт, үзлэгийг улам сайжруулах, үүсэж болзошгүй эрсдэл хүндрэлийг эртнээс тооцох, оношилгоог цаг алдалгүй хийж, оновчтой эмчилгээг шуурхай эхлүүлэх арга барилд залуу эмч нарыг сургах шаардлага байгааг дурьдлаа.

УГТЭ-ийн Харвалтын тасгийн эрхлэгч, АУ-ны магистр, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Ж.Ариунаа жирэмсэн үед илрэх тархины судасны эмгэгүүдийн эмнэлзүйн онцлог шинж тэмдгүүд, уг эмгэгийг үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс, оношилгоо, эмийн болон мэс заслын эмчилгээ, төрөлтийг шийдвэрлэх, үүсэж болзошгүй эрсдэл, хүндрэл, ялган оношилгооны талаар онолын мэдээлэл хийж, 2019 онд тархины цус харвалтаар эндсэн эхийн тохиолдолд хийсэн сургамж, зөвлөмжийг танилцууллаа. Тархины судасны эмгэгийг илрүүлэх зорилгоор жирэмсэн эх бүрт тархины дүрс оношилгоо (СТ, MRA) хийх боломж хязгаарлагдмал хэдий ч асуумжаар эхийн эмгэг хууч, тархины гэмтэл авч байсан эсэх, удмын ойр дотныхонд илэрч байсан өвчин эмгэгийн талаар тодруулж байхыг анхаарууллаа.
Уг цахим хуралд ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар, ЭТҮЧА-ны менежер, ТСА, СМЗТ-ийн эмч нар, Өргөө, Хүрээ амаржих газар, УНТЭ, УГТЭ, ХУДЭМТ, СХДЭМТ, Налайх ЭМТ, Хүүхдийн төв сувилал, 21 аймгийн ЭМГ-ын эх барих эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нэгдсэн эмнэлгийн чанарын албаны дарга, менежер, эх барих эмэгтэйчүүдийн эмч, зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтэн, мэдрэлийн эмч нар бүхий 175 хүн оролцлоо.
УНТЭ-ийн ЭТҮЧА-ны менежер Ганчимэгийн тархины судасны эмгэгийг илрүүлэх дүрс оношилгоо (СТ, MRA)-ны зардлыг эрүүл мэндийн даатгалд оруулж өгөх боломж байгаа эсэх, тархины цус харвалтаас сэргийлэх, хянах менежментийн талаар тодруулсанд УГТЭ-ийн Харвалтын тасгийн эрхлэгч Ж.Ариунаа хариулт өглөө. Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн Н.Ариунаа онош тодруулахаар мэдрэлийн эмчид өвчтөн явуулж байсантай холбоотой асуудлаар санал бодлоо хэллээ.