


Д.Сарангэрэл: Хүүхдүүдээс гадна ахмадуудад үйлчилгээ үзүүлэх боломжтой
Хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон энэхүү эмнэлгээс гадна Монгол Улсын эрүүл мэндийн салбарт БНХАУ бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархаж байгаагаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл илэрхийллээ. Тэрбээр “Монгол Улс болон БНХАУ-ын хамтын ажиллагааны үр дүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хотын төвөөс алслагдсан хороодын иргэдэд ойртуулж чадсан томоохон үйл явдал болж байна. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан нийслэлийн алслагдсан хороодын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах ажлыг 2015 оноос хийж байгаа. Энэ хүрээнд Хан-Уул дүүрэгт 50 ортой, шаардлагатай тохиолдолд арван ор нэмж дэлгэн ахмадууддаа үйлчлэх бүрэн боломжтой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад орууллаа. Хорооны түвшинд, орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг бүрдүүлсэн тохиолдол ховор байдаг. Хамгийн гол нь “Эрүүл хүүхэд-Эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн тасагтай байгаагаараа онцлогтой. Эрүүл мэндийн сайд, эх хүний хувьд алслагдсан хорооны иргэд тэр дундаа хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж буйд баяртай байна” гэв.
Энхтайван хөгжлийн сан тав дахь эмнэлгээ ашиглалтад оруулав



Шиү Жянь Гуо: Цаашид төслөө үргэлжүүлэн хэрэгжүүлнэ
БНХАУ хүүхдийн эмнэлэг, цэцэрлэгийн барилга барьж хүлээлгэн өгөхөөс гадна эмч, мэргэжилтнүүдийг мэргэшүүлж, дадлагажуулахад анхаарч, өнөөдрийн байдлаар 80 хүнийг сургалтад хамруулжээ. Төрөлхийн зүрхний эмгэгтэй хүүхдүүдийг Бээжин болон Хөх хотод аваачиж, үнэ төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн БНХАУ-ын эмч, мэргэжилтнүүд манай улсад явуулын амбулаторитай хүрэлцэн ирж, нүдний болор цайх өвчтэй хүмүүст мэс засал үнэ төлбөргүйгээр хийхэд Хан-Уул дүүргийн XII хорооны иргэд хамрагдаж байсныг албаныхан энэ үеэр цохон тэмдэглэв. Энэхүү хүүхдийн эмнэлэг тухайн орчмын хүүхэд багачуудад ач тусаа өгнө гэж найдаж буйгаа БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн Ерөнхий нарийн бичгийн дарга Шиү Жянь Гуо илэрхийлээ. Тэрбээр “БНХАУ-ын Засгийн газраас жил бүр Монгол Улсад буцалтгүй тусламж үзүүлж, хөнгөлөлттэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Харин манай байгууллага ашгийн төлөө бус байгууллага. Сайн санаат хүмүүсийн хандиваар бүрдсэн хөрөнгө, санхүүжилтээр хүмүүст хэрэгтэй ажлыг хийдэг. Манай сангийн хөрөнгө хэдийгээр хязгаартай байдаг ч бүрдсэн хөрөнгийнхөө арван хувийг Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарт оруулдаг. Цаашид бид энэнхүү төслөө Монголд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно” гэв.

40 жилийн дараах бүтээн байгуулалтад иргэд сэтгэл хангалуун байлаа
Эмнэлгийг орчин үеийн техник төхөөрөмжөөр тохижуулан хүлээлгэн өгсөнд талархаж буйгаа Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Мажигсүрэн хэлж, эмнэлгийн үйлчилгээ болон хүчин чадлын талаар танилцуулсан юм. Тодруулбал, иж бүрэн тоноглосон сэхээн амьдруулах тасаг, нярайн инкубатор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, хяналтын дэлгэц, хэвлийн эхо, шүдний иж бүрэн кабинет, утлагын аппарат, цусан дахь сахар хэмжигч, нярайн дулаацуулагч болон шарыг хэмжих, ариутгалын багаж зэрэг эмнэлэгт нэн шаардлагатай, хэрэгцээний бүх тоног төхөөрөмжийг суурилуулжээ.Хан-Уул дүүргийн XII хорооны иргэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг өрхийн эмнэлгээр л зөвхөн үйчлүүлдэг бөгөөд хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд 25 км зам туулж, хотын төв рүү орж тусламж үйлчилгээ авдаг байна. Тухайн хороонд 40 жилийн хугацаанд ийм хэмжээний томоохон бүтээн байгуулалт хийгээгүйг иргэд хэлж байлаа. Ялангуяа томуу, томуу төст өвчний улирал эхэлсэн энэ үед хүхдийн эмнэлгийг богино хугацаанд барьж ашиглалтад оруулсанд сэтгэл хангалуун байгаагаа хэлж байлаа.

.jpg)