
Мобиком Корпораци ХХК-ийн хувьд Нийгмийн хариуцлагын бодлогынхоо дагуу хүүхдэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг түлхүү хэрэгжүүлдэг бөгөөд компанийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан төрийн байгууллага болон хувийн хэвшлүүдэд буцалтгүй тусламжийг цаг тухай бүрд нь үзүүлж, нягт уялдаа холбоотой ажилласаар ирсэн билээ. Тухайлбал, Онцгой байдлын Ерөнхий газарт ой хээрийн түймэр унтраагч тоног төхөөрөмж, ЭНЭМҮТ-д хүчил төрөгчийн өтгөрүүлсэн аппарат, зөөврийн оношилгооны аппарат, 2-р төрөх эмнэлгийн барилгын засвар, сумын эмнэлгүүдийн их засварын ажил, Дархан хотын саажилттай хүүхдүүдийн сувилал цэцэрлэгийн засвар, сум багийн эмч нарт анхан шатны тусламжийн иж бүрдэл, 1-р амаржих газарт NANO технологийн угаалгын машин зэрэг буцалтгүй тусламжийг үзүүлж байсан.
Харин энэ удаад орон нутгийн 40 нэгдсэн эмнэлэгт эрчим хүчний нөөц эх үүсвэр бий болгох дизель моторыг хандивлаж байна. Ингэснээр эдгээр эмнэлгүүд цахилгааны доголдол тасалдал үүссэн тохиолдолд хийх яаралтай түргэн тусламж, яаралтай хагалгааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл боломж бий болж, эрдэнэт хүний амь эрсдэхээс сэргийлэх, цахилгааны тасалдлаас үүдсэн сөрөг үр дагаврыг арилгах зэрэг ач холбогдолтой юм.