Эрүүл мэндийн яам, Монголын сувилагчдын нийгэмлэгээс “Сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуй” сувилагчдын олон улсын анхдугаар чуулганыг зохион байгууллаа. Чуулганыг Англи улсын Essex их сургууль, Монголд сэтгэцийн эрүүл мэндийн сувилагч бэлтгэх төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөр боловсруулах баг энэхүү арга хэмжээг дэмжин зохион байгуулсан бөгөөд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын 250 гаруй сувилагч, сэтгэцийн эрүүл мэндийн сувилагч, мэргэжилтнүүд оролцлоо.
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаар АНУ, Австрали, Голланд, Англи улсын сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд 5 илтгэл хэлэлцүүлсэн тус арга хэмжээ нь сувилагчдын мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, тусламж, үйлчилгээг сайжруулахад чухал арга хэмжээ боллоо.