

Төслийн хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн эмнэлзүйн баг аймаг дүүргүүдэд зонхилон тохиолдох өвчлөлүүдийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд нь зориулсан сургалт, зөвлөгөөнийг зохион байгуулж, нягт уялдаатай нэгнээ дэмжин хамтдаа хөгжих, байнгын хамтын ажиллагаатай байх үүднээс эмнэлэг бүрт залуу эмч нарын бүрэлдэхүүнтэй “Хөгжлийн баг”-ийг нээн ажиллуулах, орон нутгаас болон дүүргийн эмнэлгүүдээс төв эмнэлэгрүү шилжүүлж буй өвчтөнүүдийн үзлэгийн цагийг онлайнаар урьдчилан захиалж, өвчтөн хотод ирээд шууд эмнэлэгтээ үзүүлэх чирэгдэлгүй үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан, Эмнэлзүй эрхэлсэн захирал О.Баярмаа, Бөөрний төвийн эрхлэгч Д.Чулуунцэцэг, Холбоо мэдээлэл технологийн албаны дарга П.Ганчимэг, Эрчимт эмчилгээний тасгийн их эмч Х.Чулуунчимэг, Уушигны эмгэг судлалын тасгийн их эмч Б.Одончимэг, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч С.Отгонбаяр, Зүрхний эмгэг судлалын тасгийн их эмч Г.Ананд гэсэн бүрэлдэхүүнтэйгээр сургагч багш нарын баг нийслэлийн алслагдсан гэгддэг Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа. Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй дотор, мэс заслын чиглэлүүдээр түлхүү хамтран ажиллах, залуу эмч мэргэжилтнүүдийг зайнаас онлайн сургалт зөвлөгөөгөөр хангах, дэвшилтэт техник технологи, удирдлага зохион байгуулалтын шинэ шийдэл аргазүйн тусламж зөвлөгөөг өгч салбарынхаа хөгжлийн төлөө байнгын холбоотой нягт хамтран ажиллахаар боллоо.
