ДЭМБ-ын “Сувилахуйн боловсролын дэлхийн стратеги”-ийн хэрэгжилтийг хангах, сувилагч бэлтгэх сургалтын хөтөлбөр, агуулгын шинэчлэлийг хэлэлцэх зорилгоор сувилахуйн багш нарын хоёрдугаар чуулганыг “СУВИЛАХУЙН БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ” сэдвийн дор 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургууль дээр амжилттай зохион байгууллаа.
Тус чуулган нь Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамны санаачлагаар, ДЭМБ-ын техникийн болон санхүүгийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд ЭМЯ, АШУҮИС, АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь АУС, АШУҮИС-ийн Говь-Алтай аймаг дахь АУС, АШУҮИС-ийн Дорноговь аймаг дахь АУС, МҮИС, ОУУБИС, Этүгэн их сургууль, Энэрэл дээд сургууль, Глобал удирдагч дээд сургууль, Шинэ анагаах ухаан их сургууль, ЭЗШУИС зэрэг Монгол улсын хэмжээнд сувилахуйн боловсрол олгож буй өмчийн бүх хэлбэрийн сургуулиудын захирал, сувилахуйн тэнхимийн эрхлэгч, сувилахуйн мэргэжлийн багш нар оролцлоо.
Сувилахуйн боловсролын өнөөгийн байдлын талаар сургууль бүр илтгэл танилцуулж, ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын ахлах мэргэжилтэн С.Алтанбагана, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн ахлах багш Сувилахуйн ухааны доктор Г.Хулан нар сувилахуйн боловсролын дэлхийн стратеги, түүний хэрэгжилтийг хангах хэрэгцээ, шаардлага, сувилахуйн боловсролын өнөөгийн байдал, олон улсын чиг хандлагын талаар илтгэл хэлэлцүүллээ.
Чуулганы үдээс хойш “Сувилахуйн шинжлэх ухааны суурь онолын агуулга, хөтөлбөр, сурах бичгийн агуулга” сэдвийн дор оролцогчид бүлгээр ажиллан сувилахуйн шинжлэх ухааны суурь боловсрол олгох сургалтын агуулгыг олон улсын бичиг баримтад тулгуурлан хэлэлцэв.
Энэ хүрээнд сургуулийн багш нар бүлгээр ажиллаж, энэхүү хэлэлцүүлгийн хүрээнд дахин бага бүлгээр ажиллаж эцэслэхээр шийдвэрлэлээ.
Мөн түүнчлэн чуулганд оролцогчид ДЭМБ-ын “Nursing now” аяныг Монгол улсад албан ёсоор эхлүүлэхийг санал нэгтэй дэмжиж, ДЭМБ, Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс санаачлан одоогоор дэлхийн 89 орны 266 аян бүртгэгдээд байгаа тус аянд нэгдлээ.
“Nursing now” аян нь сувилахуй, эх барихуйг хөгжүүлснээр эрүүл мэндийг дэмжих, хүйсийн тэнцвэрт байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих гурвалсан үйл ажиллагаанд нөлөөлнө гэж үзэж, улс орнуудын болон дэлхийн хэмжээнд сувилахуй эх барихуйн асуудлаар бодлого, чиглэлдээ түлхүү тусгахыг уриалж байгаа юм.
Сувилагч бэлтгэж буй сургалтын чанарыг сайжруулах, сувилахуйн шинжлэх ухааны судлах зүйлийг сургалтад бүрэн нэвтрүүлэх, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх асуудалд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй сургуулиудын хамтын ажиллагааг хангаж санал бодлоо чөлөөтэй солилцсон үр дүнтэй чуулган боллоо.