
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Алайн Вейл өөрийн холбооны зүгээс Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үзүүлж ирсэн хүмүүнлэгийн туслалцаа, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, санал санаачилгыг товч танилцуулаад Монгол Улсын хэмжээнд нийт 126 хүн цус бүлэгнэлтийн эмгэг болох гемофили өвчтэй гэж оношлогдон эмчлүүлж байгаа бөгөөд үүний зэрэгцээ 200 гаруй хүн оношлогдоогүй байгаа гэсэн тооцоо байгааг дурьдаж эдгээр хүмүүсийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд шаардлагатай 8-р болон 9-р факторын худалдан авалтыг нэмэгдүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас хүчин чармайлт гарган ажиллаж байгааг онцлон хэллээ.
Цусны эмгэгийн бүртгэлийн тогтолцоог байгуулах шаардлагатай бөгөөд үүнийг бий болгоход цаг хугацаа, хөрөнгө санхүү шаарддаг тул Дэлхийн цусны эмгэгийн бүртгэлийн тогтолцоонд нэгдэж, хамтран ажиллах боломжтой болохыг дуулгав.
Үүний дараагаар Дэд сайд Л.Бямбасүрэн гемофили өвчнийг анх Монгол Улсад 1960-аад онд эмнэлзүйн шинж тэмдгээр оношилж, бүртгэн эмчилгээг эхэлж байсан ба 1996 оноос цус, цусан бүтээгдэхүүний чанарын хяналтын шинжилгээний хүрээнд лабораторийн шинжилгээг анх удаа нэвтрүүлж, гемофили өвчний А, Б хэлбэр, хүнд хөнгөний зэргийг ялган оношилдог болсныг дурьдлаа.
Уулзалтын явцад талууд дээрх болон бусад асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, Дэд сайд Л.Бямбасүрэн эрүүл мэндийн салбарт хамтран хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанууд нь хүн амын эрүүл мэндийг сайжруулахад хувь нэмэр оруулж байгааг дахин онцлон тэмдэглэхийн зэрэгцээ цаашид ЭМЯ-ны зүгээс бүхий л талын дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллахаа нотолсноор уулзалт өндөрлөв.