Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар нар хамтарч өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сүүлийн өдрүүдэд эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин, урамшууллыг хассан тушаал, шийдвэр гаргалаа гэсэн мэдээлэл цацагдаад байсны учир ийнхүү хамтарсан мэдээлэл хийсэн юм.
Эрүүл мэнд, спортын яам, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны хооронд байгуулсан 2015-2016 оны хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хамтын хэлэлцээрт гурван талын хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа. Гурван талт хэлэлцээрийн хүрээнд эрүүл мэнд, спортын салбарт ажиллаж буй ажилтан албан хаагчидыг хөдөлмөрлөх эрх, тэр дундаа цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлуудыг салбарын хэмжээнд шийдвэрлэхээр тусгасан.
Иймдээ ч эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчдын цалин тэтгэмжийг бууруулах нэг ч тушаал шийдвэр гараагүй гэдгийг хамтарсэн мэдээллээрээ албан ёсоор мэдэгдлээ.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2012 оны 150 дугаар тогтоолын дагуу эрүүл мэндийн ажилтанд нэмэгдэл мөнгөн урамшуулал олгогдсон хэвээр байгаа аж.
Энэхүү 150-р тогтоолд зааснаар:
“1.4-т "Тэтгэвэрийг хөнгөлөлтэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил,мэргэжилийн жагсаалт"-д орсон ажил албан тушаалыг хашиж байгаа эрүүл мэндийн ажилтан, эх барих-эмэгтэйчүүдийн эмч, эх баригч, хүүхэд, нярайн эмч болон сувилагчид тухайн ажил, албан тушаалыг хаших хугацаанд нь үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг сар бүр олгоно.
1.5-т Улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшлууллыг эрүүл мэндийн ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэлийг харгалзан үндсэн цалингийн 10-15 хувиар сар бүр тооцож, улирал тутам олгоно гэсэн заалтууд хүчин төгөлдөр үйлчилж байна.”
Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хүчингүйд тооцсон "Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалын үндсэн цалинг нэмэгдүүлэх эрх олгох тухай" 384 тоот тушаал нь, 2010 оны 4-р сарын 12-ны өдөрийн 123 тоот, тухайн үеийн эрүүл мэндийн сайдын баталсан тушаал байсан. Энэхүү хүчингүй болсон тушаалд албан хаагчын үндсэн цалинг "Эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишиг"-ээс 50 хувиас доошгүй нэмэгдүүлж, батлагдсан төсөвтөө багтаан олгох гэж тусгасан байдаг ч өнөөдрийг хүртэл огт хэрэгжээгүй ирсэн.
Иймд Сангийн яамнаас 2014.07.07-нд хүчингүй болгох тухай албан бичгийг Эрүүл мэнд, спортын яаманд ирүүлсэн байдаг. Тиймээс хуулийн давхардал, хийдэл,зөрчлийг арилгах зарим арга хэмжээг хуулийн дагуу хэрэгжүүлснээс биш, салбарын ажиллагсадынхаа цалин тэтгэмжийг бууруулах нэг ч тушаал шийдвэрийг гаргаагүй гэдгээ албан ёсоор талууд мэдэгдэж байна.
Дээрх хүчингүйд тооцсон тушаалын оронд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 1997 оны "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн цалингийн талаарх зарим арга хэмжээний тухай" 88 дугаар тогтоолын хоёр дахь заалтыг хэрэгжүүлэн ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосон.
Эрүүл мэнд, спортын сайдын албан даалгавар гарлаа
Эрүүл мэндийн ажилтан албан хаагчдын цалин урамшуулалыг төсөвт байгууллагуудын эрх баригч нар цалингийн сандаа багтаан олгох эрх нь нээлттэй байгааг мэдэгдлээ. Эрүүл мэнд спортын сайдын 384-р тогтоолыг хэрэгжүүлэн ажиллахдаа Засгийн газрын 88-р тогтоолын үндэс болгохыг онцоллоо.
Засгийн газрын 88 дугаар тогтоолын хоёрт зааснаар төрийн үйлчилгээний албан хаагчийн тушаалын цалинг тэдний ажлын үр дүн, цалингийн жишгийг үндэслэн, цалингийн сандаа багтаан нэмэгдүүлэн тогтоож байх эрхийг төсөвт байгууллагуудын эрх баригч нарт эрхийг нь олгосон. Ингэснээр хүчингүй болгосон 123 тоот тушаалыг хамаарахгүйгээр 88 дугаар тогтоолын хүрээнд төсөвт байгууллагуудын эрх баригч нар цалингийн сандаа багтаан олгох эрх нь нээлттэй байгааг мэдэгдэж байна. Иймээс Эрүүл мэнд,спортын сайдын албан даалгавар гарч, бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад 88 дугаар тогтоолыг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болголоо. Ийнхүү Эрүүл мэнд спортын яам, Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо нэгдсэн нэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.
Улаан бурхан өвчний дэгдэлтийн үед ажилласан ХӨСҮТ-ийн эмч ажилчдын илүү цагийг мөнгийг шийдлээ
"Улаан бурхан" өвчний дэгдэлтийн үед ХӨСҮТ-ийн эмч ажилчид уртасгасан цагаар ажилласан. Эмч ажилчдынхаа илүү цагийн цалин урамшуулалыг шийдвэрлэхээр Эрүүл мэнд,спортын яам ажиллаж Засгийн газраас анх удаа ажилчдын илүү цагийн мөнгөн урамшуулалд зориулан батлаж шат дараатай олгосоор өнөөдөр үлдсэн 6-р сарын илүү цагийн урамшууллыг олгох 54 сая төгрөг шаардалгатай байсныг төсвийн эрх нээгдэх үед шийдвэрлэхээр болсоноо Эрүүл мэнд, спортын сайд онцоллоо. Түүнчлэн ажилчдынхаа цалин хөлс,нийгмийн баталгааны асуудлыг цаг хугацаа алдан шийдвэрлэж чадаагүй хариуцлага алдсан ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүд хариуцлага тооцох болсноо энэ үеэр мэдэгдлээ.