Монгол Улс нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд “Вируст хепатитийн эрүүл мэндийн салбарын дэлхийн стратеги 2016-2021”-ийн зорилтод хүрэх, хүн амаа хепатитийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, улмаар элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор 2017 онд Засгийн газрын 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран хөтөлбөрийн дунд хугацааны хамтарсан үнэлгээг 2019 оны 08 дугаар сарын 26-аас 09 дүгээр сарын 06-ны хооронд хийж гүйцэтгэсэн.
Тус үнэлгээний зорилго нь “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн үндсэн гол бүрэлдэхүүн хэсгүүдийн өнөөгийн ололт амжилтад дүн шинжилгээ хийж, цаашид хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, ололт амжилт, сургамжууд, тулгарч буй саад бэрхшээлүүдийг тодорхойлж, үндэсний хариу арга хэмжээг бэхжүүлэх боломжуудыг тодорхойлоход оршино.
ДЭМБ-аас Монгол улсыг Хепатитийн вирусийн халдвартай тэмцэж байгаа жишиг орон, жишиг хөтөлбөр гэж зарласан. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээнд элэгний В,С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ, вирусийн ачаалал тоолох шинжилгээ, вирусийн эсрэг эмийн хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж, хүн амд үнэ төлбөргүйгээр хүртээмжтэй хүрэх боломжийг бүрдүүлсэн. “Бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалт”, “Нэг ч хүнийг орхигдуулахгүй” тусламжид хамруулах ДЭМБ-ын зорилттой манай хөтөлбөр маш сайн нийцэж хэрэгжиж байна.
Цаашид бид иргэд тэр дундаа хөдөө орон нутагт алслагдсан сум, сууринд амьдарч байгаа хүмүүс вирусийн ачаалал тоолох шинжилгээнд хамрагдалт, эмчилгээгээ цаг тухайд нь хийлгах асуудалд анхаарч үйл ажиллагаагаа эрчимжүүлж ажиллах шаардлага байна гэдэг дүгнэлтэд хүрээд байна.
Иймд иргэд өөрсдийн эрүүл мэндэд анхаарч элэгний вирусийн халдварын илрүүлэг шинжилгээг өрх, сум, аймаг, дүүргийнхээ эмнэлэгт хийлгэмээр байна. Хэрэв халдвар илэрвэл вирусийн ачаалал тоолох шинжилгээгээ үнэ төлбөргүй хийлгээд эмчилгээгээ цаг тухайд эхлээд эдгэрэх хэрэгтэй.







