2019 оныг Эрүүл мэндийн яамнаас “Инээмсэглэл-эерэг хандлага” уриаг дэвшүүлж, “Эрүүл мэнд -8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн. Эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлж байгаа Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын нийгмийн эрүүл мэнд, эх хүүхдийн тусламж үйлчилгээ, нийгмийн эгэх хариуцлагын хүрээнд гүйцэтгэсэн үйл ажиллагааны туршлагыг судлахаар Эрүүл мэндийн газрын 8 удирдлага, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй баг 8-р сарын 28-наас 30-ны өдрүүдэд тус аймагт ажиллав.
Туршлага судлах ажлын хүрээнд Зоонозын өвчин судлалын төв, Аймгийн нэгдсэн эмнэлгийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасаг, Поликлиник, “Дэлгэрмөрөн” ӨЭМТ, “Гурван гал” ӨЭМТ, Эрүүл мэндийн газар, Их-Уул СЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Туршлага судлах багийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын дарга М.Үүрийнбаяр хүлээн авч хэлтэс, төвийн дарга, мэргэжилтнүүдийн хамтарсан уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан ба НЭМТ-ийн дарга Ж.Лхагвасүрэн, “Хөвсгөлийн хөгжил дэвшил” ТББ-ын тэргүүн Б.Лхагва нар үйл ажиллагааны танилцуулга, ололт амжилт, үр дүнгийн талаар сонирхолтой илтгэлүүдийг тавьлаа.
Ийнхүү Хөвсгөл аймгийн туршлагыг судлаж, Зоонозын өвчин судлалын тусламжийг үзүүлэх бүтэц, зохион байгуулалт, Төрөх тасагт хэрэгжүүлж байгаа “Эх баригчын зөвлөгөө өгөх кабинет”, “Чөлөөт төрөлтийн өрөө”-ний үйл ажиллагаа, ӨЭМТ-ийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эхчүүд эмэгтэйчүүдэд мессежи хүргэх “Ээж” программ, ЭМГ-ын удирдлагуудын манлайлал, салбаруудын хамтын ажиллагаа ба нийгмийн эгэх хариуцлагын хүрээнд төрийн бус байгууллагын идэвхи оролцооны туршлагыг өөрийн орон нутагт нутагшуулахаар урам зориг дүүрэн ирлээ.
Биднийг хүндэтгэж хүлээн авч, хөтөч болсон НЭМТ-ийн дарга Ж.Лхагвасүрэн, ЭТҮХ-ийн дарга М.Энхдалай, туршлагаасаа харамгүй хуваалцсан бүх эмч, ажилтнууддаа талархаж, улам их амжилтыг хүсч байна.