
6-р сард ашиглалтанд орсон 50 ортой Төрөх эмнэлэгт 10 ортой “Эмгэг нярайн” тасгийг шинээр зохион байгуулж, шаардлагатай хүний нөөц, тоног төхөөрөмжийг бүрдүүлэн 24 цагийн турш тасралтгүй, нярайн нарийн мэргэжлийн эмчийн тусламжийг үзүүлэх болсон нь эхчүүд, үйлчлүүлэгчид төдийгүй, эмч мэргэжилтнүүдийн сэтгэлд хүрсэн үйл ажиллагаа болжээ.
Шинэ тасаг нээгдсэнээр 1000 гаруй нярайд амбулаторийн үзлэг оношлогоо хийж, эмгэг нярайн тасагт 47 нярайг эмчилж, нярайн түнхний оношлогоо 1604, сонсголын аппаратаар 103 нярайн сонсголыг шалгасан ба шинэ эмчилгээний технологи болох Сурфактант эмчилгээг 13 нярайд хийж үр дүн нь 70%, Коффейн цитрат эмчилгээ 65 ба үр дүн 98%, Кортиксин эмчилгээ 114 ба 100%-ийн үр дүнтэй эмчилж, тусламжийн чанар сайжирсан байна.
.jpg)
Ийнхүү нярайн тасгийг шинээр зохион байгуулж, удирдлага зохион байгуулалтын зөв шийдвэр гаргасан Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл, хүүхдийн мэргэжилтэн Д.Цэцэгээ, нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч Б.Эрдэнэтулга, нярайн эмч Ц.Уранчимэг нарт эмч ажилтнууд, эхчүүдийн төлөөлөл талархаж байгаагаа илэрхийлж байна.
Цаашид нярайд үзүүлэх тусламж үйлчилгээг улам сайжруулахад эхчүүдийн эрүүл мэндийн асуудал чухал гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолж дурдаад, сүүлийн үед эхчүүдийн умай, үтрээний нянгын бохирдол, бэлгийн замын халдварт өвчин, эмгэгүүдээс болж нярай эндэгдэж байгааг анхаарах нь зүйтэй гэв. “Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө” гэдэг үг нь чухал утгатай юм байна.