Манайд хүйтний улирал эхэлж, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусийн онцлог, тандалт хяналтын талаар ямар зөвлөмж гаргасан байгаа талаар
ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн мэргэжилтэн Др.Масай дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Энэ удаагийн уулзалт их онцлог байлаа. Гурав хоногийн турш ДЭМБ-ын хоёр бүс улс орнуудын Томуугийн үндэсний төвүүдийн хуралдааныг зохион байгууллаа.
2009 онд дэлхийд гарсан томуугийн цартахлын дэгдэлтээс хойш 10 жил өнгөрч байгаа учраас их онцлог хурал боллоо. Томуугийн эсрэг ямар арга хэмжээг яаж авах уу, ер нь тогтолцоогоо яаж бэхжүүлэх үү гэх мэтчилэн олон асуудлыг хэлэлцэж ярилцсан.
Зөвлөмжүүдийн хувьд сайн ярилцаж санал нэгдэв. Хуралдсан бид юун дээр санал нэгдсэн бэ гэвэл томуугийн цартахал дахин дэгдэх нь гарцаагүй. Хамгийн гол нь хэзээ, ямар цар хүрээтэй байх вэ гэдэг нь тодорхойгүй болохоос дахин сэргэн дэгдэх магадлал өндөр байна. Тийм болохоор бид үндэсний томуугийн эсрэг тогтолцоогоо маш сайн бэхжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хаа хаанаа бэлэн байдлыг сайн хангуулах хэрэгтэй байна. Үүнээс гадна бүс нутаг болон дэлхий дахины хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэж үзсэн. Эрүүл мэндийн мэдээллийг оновчтой сайн цуглуулж, цаг тухайд нь шийдвэр гаргах ёстой гэдгийг онцлон тэмдэглэлээ. Ямар ямар мэдээлэл цуглуулах вэ гэдгээ энэ хурал зөвлөгөөнөөр тодорхой ярилцсан. Дахин нэг зүйлийг тодотгоод хэлэхэд энэхүү уулзалтыг Монголд анх удаа зохион байгуулсан нь их учиртай. Яагаад гэвэл томуугийн цартахлын эсрэг Монголын туршлага бол маш сайн жишээнд ордог. Тухайлбал, дэгдэлтийн эсрэг бэлэн байдлыг хангахдаа салбар хоорондын хамтын ажиллагааг танай улс өндөр түвшинд хөгжүүлж чадсан. Нөгөө талаараа дархлаажуултад зориулж байгаа Засгийн газрын төсвийг нэмэгдүүлж байгаа нь бусад орнуудад үлгэр жишээ үзүүлэлт боллоо. Танай улсын туршлагаас бусад орнууд судалж, суралцлаа гэж хэлж болно” гэлээ. Өнөөдрийн зөвлөгөөний хаалтын дараа дээрх улс орнуудаас ирсэн оролцогчдын зарим нь ХӨСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцав. Тодруулбал, тус төвийн Шуурхай удирдлагын нэгжтэй нэг хэсэг нь танилцсан бол МFEMP буюу талбарын тархвар судлалын сургалтын албатай нэг хэсэг нь танилцаж, сонирхсон асуултандаа хариулт авсан бол нөгөө хэсэг нь ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа.