

Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлуудад үнэлгээ хийхэд 40 хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүй байжээ. Тиймээс ЭМЯ төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж улмаар устгах зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд 3 чиглэлээр 31 үйл ажиллагаа төлөвлөснөөс эрүүл мэндийн салбарын хэмжээнд 23, бусад салбартай хамтран 4, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны 4 ажил төлөвлөсөн. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй өвчтний бэлгийн хавьтагчийг илрүүлэн, тусламж үйлчилгээнд хамруулах ажил зохион байгуулж байна. Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин бөгөөд халдвар авсан хэн боловч өрх, сум,аймаг,нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношлогоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. 2,4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулсанаар бүрэн эдгэнэ. Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр,хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилнэ. Бэлгийн хавьтагчаа мөн эмчлүүлэх нь халдвар дахин авахгүй байх боломж учраас эмчилгээ хамт хийлгэх нь чухал юм.Тэмбүүгээр өвдсөн жирэмсэн эх хяналтдаа эрт орж өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд эх, хүүхэд аль аль нь эрүүлжих боломжтой. Энэхүү эмчилгээ урагт гаж нөлөөгүй байдаг байна. Монгол хүний удмын санд хортойгоор нөлөөлөх энэ өвчнөөс ард иргэдээ хамгаалахын төлөө эрүүл мэндийн салбар эрчимтэй ажиллах болно. Дэлхий нийтийн асуудал болоод байгаа энэ өвчнийг бид хамтдаа ялан дийлнэ.