Энэхүү “Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть” нь хүн төрөлхтний хосгүй гайхамшигт, үнэ цэнэтэй соёлын өв болох бөгөөд Төрийн албан ёсны баримт бичиг болох юм.
Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/292 тоот тушаалаар “Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть”-ийг хянан тохиолдуулж, эмхэтгэн хэвлүүлэх редакцийн зөвлөлийг ШУ-ны доктор, профессор Ш.Чоймаа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан, академич, АШУ-ны доктор, профессор Ш.Болд нараар ахлуулан байгуулсан.
Редакцийн зөвлөл 2019 оны зуны адаг сарын дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр буюу аргын тооллын 08 дугаар сарын 01-ний өдөр анхны хурлаа хуралдуулж дараах асуудлыг шийдвэрлэв. Үүнд:
- Уламжлалт анагаах ухааны бүтээлүүдээс орчуулагдсан байгаа бүтээлүүдийг редакцийн зөвлөлийн гишүүдэд хуваарилан хянуулж, хэвлэлтэнд бэлтгэх,
- Орчуулсан бүтээлийг төвд хэлний эх судар, эх бичмэлийг хавсарган хэвлүүлэх,
- Эхний ботиудын эхний дугааруудад уламжлалт анагаахын эртний маарамба, оточ, эрдэмтэн, эмч нарын намтар түүх, хөрөг зураг, уламжлалт анагаахын сургуулийн түүхийг тусгах, монголын уламжлалт анагаах ухааны толь бичгийг оруулах,
- Редакцийн зөвлөлийн багаар ажиллах боломжийг бүрдүүлж, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн эрдмийн өргөөнд ажлын байр бий болгох;
- Монголын уламжлалт анагаах ухааны 108 боть бүтээлд оруулах бүтээлүүдэд тавигдах шалгуур үзүүлэлтийг хэлэлцэж санал авлаа.