Энэхүү төсөл нь орчин үеийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагад бүрэн нийцсэн бөгөөд 15.600 метр квадрат ашигтай талбай бүхий таван давхар эмнэлэг аж. Тус эмнэлэгт яаралтай тусламжийн тасаг, хүлээн авах, дүрс оношилгооны төв, цөмийн анагаах ухааны тасаг, дурангийн оношилгоо эмчилгээ, ариутгал халдваргүйтэл, мэс засал, мэдрэлийн мэс засал, эрчимт эмчилгээний тасаг, хоолны өрөө тус тус байрлаж үйл ажиллагаагаа явуулах юм. 25 сая ам.долларын үнэ өртөг бүхий 215 нэр төрлийн 1870 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг суурилуулсан аж. Төслийн ТЭЗҮ нь 2012 онд боловсруулагдсан учраас 2018 онд эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэн сайжруулах хэлэлцээр хийгдэж, үнийн зөрүүгүүгээр шинэ загварын тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.
Мэс заслын нийт долоон өрөөтэй бөгөөд өрөө бүхэн нь орчин үеийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон үндэсний хэмжээний бүтээн байгуулалт байж чадсан юм. Эрүүл мэндийн салбарын үсрэнгүй хөгжлийн түүчээ болох энэхүү бүтээн байгуулалтыг нээж, Хоёрдугаар эмнэлгийн захирал, МОН-8 төслийн удирдагч Г.Баясгалан үг хэлсэн юм. Тэрбээр, “Энэ өдөр миний сэтгэл аз жаргалаар бялхаж байна. Миний ажил амьдрал тэр чигээрээ энэ торгон агшны төлөө зориулагдсан юм шиг гайхамшигтай мэдрэмж төрж байна. Бидний санаачилсан төсөл өнөөдөр бодит ажил болж, сүндэрлэн боссон байхыг харах сайхан байлаа. Бидний санаачилсан төслийг тухайн үеийн Засгийн газар, УИХ соёрхон дэмжиж, БНСУ-ын “Эксим” банкинд өргөн барьж, зээлийн гэрээ байгуулагдсан. Тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа нар салбарын ирээдүйг тодорхойлох хамгийн чухал төсөл гэж үзэн, цаг наргүй ажиллан гэрээ байгуулж өгсөнд баярлаж явдгаа хэлье.
Төслийг амжилттай хэрэгжүүлж чадсан өнөөгийн Эрүүл мэндийн яам, төслийг хэрэгжүүлэгч хамт олонд халуун баяр хүргэе. Д.Сарангэрэл та төслийг өөрийн биеэр ахалж, цагаа олсон нарийн төвөгтэй олон хүнд шийдвэрийг гаргаж, төслийг эрчимжүүлсэнд талархаж байна. Зөв хүний гарт байж, сайд таны хүсэл эрмэлзлэлийн хүчээр энэ төсөл ажил хэрэг болсон юм шүү. Зээл тусламжийг бүтээсэн, энэ төсөлд гар бие оролцсон хамт олон, БНСУ-ын ахан дүүс та бүхэн баярлалаа. Өнөөдөр миний мөрөөдөл биелж байна” гэв.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Өнөөдөр Монгол Улсын эрүүл мэндийн салбарт түүхэн үйл явдал тохиож байна. Энэ оношилгооны төвийн талаар Г.Баясгалан маш тодорхой ярьсан учраас илүү зүйлийг нурших хэрэггүй байх. Улс орон хөгжихийн эх үндэс бол иргэн нь эрүүл байх явдал. Оношилгоо эрт байх тусмаа олон хүн эрүүл болно. Биеэ эрт оношлуулж, эрүүл байгаарай гэж хүсч байна. Төслийг эхлүүлж, өнөөдрийг хүртэл сэтгэл зүрхээ зориулсан эмч, эмнэлгийн ажилтнуудад баяр хүргэе” гэв. Нээлтэд оролцсон зочдын сэтгэгдлийг хүргэе. Д.Сарангэрэл: Хорт хавдрын илрүүлэг, эмчилгээнд 30 хүртэл хувийн ахиц гарна
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Бид хамтдаа түүхэн үйл явдлын гэрч болж байна. Эрүүл мэндийн салбарт олон жил царцаагдаж, хүлээгдсэн бүтээн байгуулалтууд эхнээсээ ашиглалтад орж байна. Түүний нэг нь Үндэсний оношилгоо, эмчилгээний төв юм. Хоёр улсын хооронд 2012 онд байгуулагдсан зээлийн гэрээний үр дүнд 2015 онд төсөл эхэлсэн билээ. Гэвч тодорхой шалтгааны улмаас дахин гурван жил хойшлох нөхцөл байдал үүссэн учраас төслийн удирдах хороо шийдвэр гаргаж, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт эрх шилжүүлэх шийдвэр гарган, ажлаа эрчимжүүлэхийг даалгасан.
Энэхүү томоохон төслийг хэрэгжүүлэхэд мэдээж боловсон хүчний чадавх маш чухал. Тиймээс эдгээр тоног төхөөрөмжүүдийг ажиллуулах өндөр түвшний 10 эмч мэргэжилтнийг зургаан сараас нэг жилийн хугацаанд БНСУ-д сургалаа. Мөн тус улсад долоон удаагийн сургалт зохион байгуулж, 42 эмч мэргэжилтнийг хамрууллаа. Дотооддоо 110 эмч мэргэжилтэн, инженер техникийн ажилтнуудыг 12 удаагийн сургалтаар бэлтгэлээ. Энэ төв ашиглалтад орсноор гадагшаа явж эмчлүүлж буй иргэдийн тоо цөөрч, мөн хорт хавдрын илрүүлэг, эмчилгээнд 30 хүртэл хувийн ахиц гарах тооцоотой байна.
БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Жун Хо Сүк: Зургаан жилийн өмнө би Монгол Улсад ирэхдээ эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах ёстой гэж бодсон. Эмнэлэг нээж өгвөл их сайхан үйл болох болов уу гэж бодсон юм. Тэгээд хоорондоо ярилцаж, дэмжлэг үзүүлж ажилласан. Харин бидний ярьж байсан бүхэн биеллээ олж, ийм том эмнэлэг босч байгаад баярлаж байна. Г.Баясгалан дарга миний мөрөөдөл биеллээ гэж хэллээ. Миний хувьд ч гэсэн миний мөрөөдөл биелж байна. Ийм том арга хэмжээнд оролцож байгаагийн хувьд бэлэг өгөх нь зөв гэж бодлоо. Тиймээс 2024 он хүртэл энэхүү эмнэлгийн үйл ажиллагааг жигдрүүлэх, тоног төхөөрөмжийг нь сайжруулах чиглэлд тодорхой мөнгөн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах болно. Хоёр улсын хамтын ажиллагааны төлөө сэтгэл зүтгэл гарган ажиллах болно оо.