
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон Бүсийн захирал Такеши Касайг хүндэтгэн хүлээн авсны дараа тус төвийн Ерөнхий захирал Д.Нарантуяа Монгол Улсын төрөөс нийгмийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, хэрэгжилт, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар танилцуулах илтгэл тавилаа.

Мөн тэрээр монгол ахуйн нөхцөлд сайжруулсан зуухны ашиглалт, ДЭМБ-ын зөв хооллолтын зөвлөмжийг үндэсний онцлогт тулгуурлан “Гэр” зөвлөмж болгон боловсруулсан нь үр дүн өгч байгааг тусгайлан барьсан монгол гэрт бодитоор нь харлаа.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албанаас явуулж буй үйл ажиллагаа нь өнөөдөр хүн төрөлхтний өмнө хурцаар тулгамдаад байгаа цөлжилийг бууруулж, эко орчин бүрдүүлэхэд чухал хувь нэмэртэй болохыг бэлэгдэн Такеши Касай тус төвийн ногоон төгөлд дурсгалын мод суулгаж үлдээлээ.
