Халдварт бус өвчин/ Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах тусламж, үйлчилгээний зайлшгүй шаардлагатай багцыг эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний түвшинд нэвтрүүлэх MOНГПЕН загвар төслийн нээлт боллоо. Арга хэмжээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон Далайн Баруун Бүсийн захирал ноён Такеши Касай, Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон бусад албаны хүмүүс оролцлоо.


Өдөр бүр тамхи татах, хоногт 400 граммаас бага жимс, ногоо хэрэглэх, хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, артерийн даралт ихсэлт нь халдварт бус өвчин үүсгэх нийтлэг 5 эрсдэлт хүчин зүйлс юм.
2013 оноос эхлэн Монголын Мянганы Сорилтын Сангийн Эрүүл мэндийн төслийн хүрээнд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд Цусны даралт ихсэх өвчин, Чихрийн шижин өвчний эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, эмчилгээ, хяналтын тогтолцоог бий болгон ажиллаж байна. 2018 оноос 18-аас дээш насны бүх иргэдийг Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжүүлтээр анх удаа орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгт хамруулан зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдрыг илрүүлж шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар, 2018-2019 онд нийт 86284 хүн дээрх үзлэгт хамрагдаад байна. Гэвч илрүүлэг үзлэгт хамрагдаад өөрчлөлттэй гарсан, онош баталгаажсан хүмүүсийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв хяналтандаа авах, эмчлэх явдал шаардлага хангахгүй байна.

Иймээс Монгол Улсын төр засгаас эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт үзүүлдэг тусламж, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, өвчнийг аль болох эрт илрүүлж, бага зардлаар эмчлэх, хянах үйл ажиллагааг өргөтгөх, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний багц, нэр төрлийг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр энэхүү Загвар төслийг энэ оны 02 дугаар сараас эхлэн Дархан-Уул аймгийн 3 сум, 5 өрхийн эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан дүүргийн 8 өрхийн эрүүл мэндийн төв, нийт 16 төвд хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хийгээд байна.









