Эрүүл мэндийн яамнаас санаачлан Эрүүл мэндийн хөгжлийн төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, бусад хувийн өмчийн эрүүл мэндийн хөтөлбөртэй сургуулиуд, ажил олгогч эрүүл мэндийн байгууллагууд хамтран 2019 онд “сувилагч” мэргэжлээр төгсөгчидтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Эрүүл мэндийн яамнаас салбарын бодлого, хүний нөөцийн бодлого, сувилахуйн хүний нөөцийн асуудлаар баримталж буй бодлогын чиглэл, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгснөөс гадна Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт, сувилахуйн төгсөлтийн дараах сургалтын талаар, эрүүл мэндийн байгууллагууд байгууллагынхаа онцлог, сувилагчийн ажлын байр, байгууллагын хүний нөөцийг дэмжих арга хэмжээний талаар танилцуулга хийж, төгсөгчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
Эрүүл мэндийн яамнаас АШУҮИС-ийн хүний их эмч мэргэжлээр төгсөгчидтэй хэд хэдэн удаагийн уулзалтыг хийж байсан. Энэ удаад “сувилагч” мэргэжлээр төгсөгчидтэй уулзалт зохион байгуулсан болно.
Энэ удаагийн уулзалтанд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийслэлийн эрүүл мэндийн газраас гадна Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Улсын I төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төв, Гэмтэл согон судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв, Хүүхдийн клиник сувилал II, Интер Мед, Гранд Мед, Сонгдо, Натул, ICU, Мөнгөн гүүр, Хүмүүн Мед зэрэг эмнэлгүүд, Корал дент, Үлэмж клиник, Хужирт сувилал зэрэг төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл оролцсон.