Дэлхийн Засгийн газар гэгддэг НҮБ-ын чуулганаар 2000 оны 9-р сард 147 орны Засгийн газрын тэргүүнүүд Мянганы хөгжлийн 9 зорилт баталсны 6 дахь нь ХДХВ, ДОХ-ын тархалтын түвшинг тогтоон барих, хязгаарлах асуудал байв. Дараа жил нь буюу 2001 оны 6-р сард хуралдсан НҮБ-ын Ерөнхий ассамблейн тусгай хуралдаанаас 189 орон ХДХВ, ДОХ-ын асуудлаарх тунхаглал баталж, 2015 он гэхэд энэ өвчний тархалтыг хязгаарлахаа амласан юм.
Өнгөрсөн 15 жилийн хугацаанд дэлхий дахинаа хийгээд энэ тунхаглалд нэгдсэн Монгол Улс амлалтаа хэр биелүүлж, Мянганы хөгжлийн 6 дахь зорилтод ямар ахиц гаргав? Энэ талаар хөндөж байна.
ХДХВ, ДОХ-ын тархалт ба дэлхий нийтийн зорилт
Хүний дархлал хомсдолын вирус, Дархлалын олдмол хомсдол (ХДХВ, ДОХ) 1981 онд анх илэрснээс хойш 34 жил өнгөрчээ. Энэ хугацаанд ДОХ-ын улмаас 39 сая хүн нас барж, 36.9 сая хүн халдвартай амьдарч байгаагийн 14.9 сая нь одоогоор хамгийн үр дүнтэйд тооцогдож буй ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэж байна. Гэвч цаана нь дахиад ийм тооны хүнд эмчилгээ шаардлагатай байна.
Сүүлийн 15 жилд дэлхий нийтээр авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнд бага, дунд орлоготой 25 оронд шинэ тохиолдол 50% хүртэл, хамгийн их тархалттай өмнөд Сахар, Африкийн орнуудад ДОХ-ын улмаас нас баралт 1/3-ээр буурсан байна.
Гэвч 7 орны хар тамхи хэрэглэгчдийн дунд халдварын тархалт 25% хүртэл нэмэгдсэний дотор манай хоёр хөрш болон монголчуудын их зорчдог АНУ багтаж байна. БНХАУ-д хагас сая, ОХУ-д сая орчим хүн ХДХВ-ийн халдвартай байгаагийн дотор Монголтой шууд хил залгаа Шиньжан, Буриад халдварын тархалтаараа улсдаа тэргүүлж байна гэж зарим судлаач дурьджээ.
Одоо дэлхий дахинаа ХДХВ-ийн халдварын шинэ тохиолдол болон ДОХ-оос үүдэлтэй нас баралт, ял¬гаварлан гадуурхалтыг тэглэх зорилт дэвшүүлж байна. Харин 2025 он гэхэд ХДХВ, ДОХ-ын тархалтыг бүрэн зогсоохыг зорьж байна.
ХДХВ, ДОХ-ын тархалт Монголд
Халдварын анхны тохиолдол Монголд 1992 онд илэрснээс хойшхи 23 жилийн хугацаанд буюу 2015 оны 6 сарын 30-ны байдлаар ХДХВ, ДОХ-ын 187 тохиолдол бүртгэгджээ. Эдгээрийн 154 нь ХДХВ-ийн халдварын үедээ, 33 хүн ДОХ-ын шатанд шилжсэн үедээ оношлогдсон байна. Тэднээс 26 хүн нас барж, 142 хүн ретровирусын эсрэг эмчилгээнд ороод байгаа ба Монголд 772 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай гэж тооцоолжээ. Талархууштай нь, манай улсад одоо ХДХВ-ийн халдварыг эрт үед нь илрүүлж, өвчлөгсдийг чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээнд бүрэн хамруулж чаддаг болжээ.
Өмнө: Дорвитой тэмцэхгүй бол халдварын тархалт
2 жил тутамд 2 дахин өсөх магадлалтай
2004 онд МЭ консалтинг судалгааны байгууллагын “ХДХВ, ДОХ-ын тархалтад нөлөөлөх хүчин зүйлс ба нийгэм эдийн засгийн байдалд ХДХВ, ДОХ-ын тархалтын үзүүлэх нөлөөний үнэлгээ, судалгааны тайлан”-д Монгол Улс энэ өвчний эсрэг ямар нэг дорвитой арга хэмжээ авахгүй бол 2015 он хүртэлх хугацаанд өвчлөл 2 жил тутамд 2 дахин өсөхөөр байна гэж анхааруулж байв. Энэ тооцооллоор авч үзвэл 2015 он гэхэд ДОХ-ын улмаас 2500 хүн нас барах магадлалтай ч гэж сануулж байжээ.
Иймээс Монгол Улс НҮБ-аас дэвшүүлсэн “Мянганы хөгжлийн зорилт”-д нэгдэж, түүнд тавьсан зорилтуудыг улсынхаа түвшинд биелүүлэхээр ажиллаж эхэлсэн юм.
Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилт 2015 гэхэд ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх, тархалтыг хязгаарлах
1. БЗДХ/ХДХВ/ДОХ-той тэмцэх, сэргийлэх ажлын бодлого зохицуулалтыг боловсронгуй болгох
2. БЗДХ/ХДХВ/ДОХ-д өртөх эрсдэл өндөртэй бүлгийнхэнд хүрч ажиллах ажиллагааг сайжруулах
3. БЗДХ/ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх
4. Нийт хүн ам ба эрсдэлт бүлгийнхэнд чиглэсэн мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх
5. Бэлгэвчийн хангамж, хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх.
Монгол Улс ХДХВ-ийн халдварын тархалт багатай хэдий ч хэд хэдэн шалтгааны улмаас ХДХВ-ийн халдвар цааш тархах эрсдэл өндөртэй орны тоонд орж байв. Үүнд:
• Ядуурал, ажилгүйдэл зэрэг нийгмийн сөрөг үзэгдэл ихтэй.
• Бэлгийн замын халдварт өвчний тархалт өндөртэй. Энэ нь ХДХВ-ийн халдвар тархах таатай хөрс болж ХДХВ авах эрсдлийг 15-20 хувиар нэмэгдүүлдэг. Тухайн үед улсын хэмжээнд нийт халдварт өвчний тал шахам хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлж байв.
• Хүн амын 2/3 нь оршин суудаг орон нутагт донорын цусанд ХДХВ болон тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ хийж чадахгүй байв.
• Насанд хүрэгсдийн дундах дээрх эрсдлээс гадна өсвөр үе, залуусын дунд ДОХ-оос сэргийлэх тухай мэдлэг ойлголт тун хомс, бэлгэвч хэрэглэх зан үйл хэвшээгүй байв.
• Халдвар тараах хамгийн эрсдэлт бүлгийнхэн буюу биеэ үнэлэгчдийн дунд тэмбүүгийн халдварын тархалт хамгийн өндөр, харин ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн 80 шахам хувийг эзэлж байсан эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүдийн тал хүрэхгүй нь л бэлгэвч хэрэглэж байв.
• Хөдөлмөр эрхлэхээр гадаадад цагаачилсан, “харласан” 180 мянга шахам монголчуудын ихэнх нь хууль бусаар ажиллаж амьдарч, эмнэлгийн болон нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй учир ХДХВ-ийн халдварт өртөх, бусдад тараах эрсдэлтэй байв.
• ХДХВ, ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадуурхахаас хамгаалах тогтолцоо бүрдээгүй учраас тэд оношилгоо, эмчилгээнд хамрагдалгүй нуугдмал байдалтай амьдарч, энэ нь хүний эрх зөрчихөөс гадна халдвар тархах нөхцөл бүрдүүлж байв.
Одоо: Монгол Улс ХДХВ, ДОХ-ын тархалтыг бага түвшинд тогтоон барьж чадсан
1. ХДХВ, ДОХ-той тэмцэх бодлогоо тодорхойлов
ХДХВ, ДОХ-оос сэргийлэх тухай хуулиа Монгол Улс 2004, 2012 онд шинэчилж, Засгийн газар 2006 оны 240 дүгээр тогтоолоороо 2006-2010 оны “ХДХВ, ДОХ-оос сэргийлэх Үндэсний стратегийг баталжээ. Төр засгаас ингэж дорвитой зохицуулалт хийсний үр дүнд ХДХВ-ийн халдвартай хүмүүсийг эмчлэх, оношлох, тархалтаас сэргийлэх тогтолцоо Монголд бүрдсэн юм. Энэ үр дүнгээ хадгалахын тулд “ХДХВ, ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үндэсний стратеги 2010-2015”-ыг баталсан нь одоо энэ чиглэлээр баримталж буй бодлогын гол баримт бичиг юм. Хэдхэн жилийн өмнө нэрийг нь ч сонсоогүй байсан шинэ өвчинтэй тэмцэх нэгдсэн удирдлага, тогтолцоотой болж чадсан нь Монгол Улсын хувьд том амжилт байлаа. Үүнийхээ үр шимээр олон улсын хандивлагч байгууллагуудаас хөрөнгө хүч босгож, оношилгоо эмчилгээний орчин үеийн лабориториудтай болж чаджээ.
ХДХВ, ДОХ хэрхэн тархахыг өмнө нь зүв зүгээр хараад суугаагүй нь мэдээж л дээ. Монгол Улс ХДХВ, ДОХ-оос сэргийлсэн зохицуулалтыг анх бүр 1987 онд хийж байв. Тухайн үеийн АИХТ ДОХ-той тэмцэх тухай №103 тоот зарлиг гаргаж, 1990 онд Үндсэн хуульд хүний эрх хамгаалах, нууц хадгалах заалтууд тусгаж, 1993 онд ХДХВ, ДОХ-оос сэргийлэх тухай анхны хууль гаргаж байлаа. Гэвч зах зээлийн шилжилтийн үеэ туулж байсан Монголд ХДХВ-ийн халдварыг оношлох багаж төхөөрөмж авах, эмчилгээ үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, эмч мэргэжилтнүүдээ тусгайлан бэлтгэх хөрөнгө нөөц дутмаг, хүч чадал сул байсныг хэн хүнгүй мэднэ.
2. Оношилгоо, эмчилгээг хүртээмжтэй болгов
Эхэндээ 2-3 жилд нэг, хоёр байснаа 2000 оны дундаас хойш жилдээ л 20-З0 тохиолдол шинээр илэрч эхэлсэн нь манайд ХДХВ, ДОХ-ын тархалт ихэссэний илрэл үү гэж олон хүн сэтгэл зовнидог. Гэхдээ энэ нь хүмүүс сайн дураараа шинжилгээ өгснөөр илрүүлэлт нэмэгдсэн, бас оношилгооны чанар сайжирсантай холбоотой юм.
Одоо манай иргэд хот хөдөөгийн хаана ч сайн дураараа шинжилгээ өгч, зөвлөгөө авч болж байна. Энэ бол төв, орон нутгийн эмнэлгүүдийг лабораторийн багаж, оношлуураар хангаж, энэ чиглэлээр ажиллах эмч мэргэжилтнүүдээ бэлтгэж авсны үр дүн юм. Үүний зэрэгцээ төрөлжсөн төв эмнэлэг ХӨСҮТ ХДХВ, ДОХ-ын лабораторийн сүүлийн үеийн техник хэрэгсэл ашиглаж байна. Цусны албыг ХДХВ, тэмбүү илрүүлэх лабораторитой болгосноор цус сэлбэлтээр халдвар дамжихаас бүрэн сэргийлж чадлаа. Жирэмсний хяналт, мэс засал, онош тодруулах үед эмнэлгүүд ХДХВ, тэмбүүгийн шинжилгээг хавсарч авдаг болсон нь тогтолцооны том дэвшил болжээ. Орон даяар ийнхүү лабораторийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдтэй болсны үр дүнд цус сэлбэлт болон эхээс хүүхдэд ХДХВ-ийн халдвар дамжсан тохиолдол Монголд гараагүй байна. Товчхон хэлбэл, манай оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх үйлчилгээ дэлхийн орнуудтай нэг жишигт явна.
3. Тусламж үйлчилгээ 100% төлбөргүй
Монгол Улсад ХДХВ, ДОХ-той хүмүүст үзүүлдэг эмчилгээ, үйлчилгээ 100% үнэ төлбөргүй. Гэхдээ тэр төлбөрийг төр, донор байгууллагууд нуруундаа үүрдэг юм.
ХДХВ, ДОХ-ын чиглэлээр зарцуулж буй хөрөнгийн 25%-ийг төр, үлдсэн 75%-ийг олон улсын байгууллагууд санхүүжүүлж ирсэн. Улсын төсвөөс гаргасан мөнгө эмч ажилчдын цалин, эмнэлгийн урсгал зардалд голчлон зарцуулагддаг. Харин оношилгооны багаж төхөөрөмж авах, эмч мэргэжилтнүүд бэлтгэх, эм тариа авах зардлын дийлэнхийг НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, Европын холбоо зэрэг олон улсын байгууллагын буцалтгүй тусламжаар хангаж иржээ.
Монгол Улсын хувьд дээрх чиглэлээрх санхүүжилтийн гол цөмийг НҮБ-ын санаачилгаар байгуулагдсан олон улсын “Глобаль сан”-гаас гаргаж байна. “Глобаль сан”-гийн анхны төсөл Монголд хэрэг¬жиж эхэлсэн 2003 оноос хойш нийт 16.5 сая ам.долларын санхүүжилтыг ХДХВ, ДОХ-оос сэргийлэх, ДОХ-ын эсрэг тэмцэхэд зарцуулсан байна. Энэ нь ХДХВ, ДОХ-ын эсрэг үндэсний хэмжээнд зарцуулсан хөрөнгийн 80% юм. Хүрсэн амжилтаа бататгаж, тусламж үйлчилгээг улам өргөжүүлэх зорилгоор 2017 он дуустал нэмж 5 сая ам.доллар зарцуулахаар баталсан байна.
Харин цаашид “Глобаль сан”-гаас Монголд олгодог санхүүгийн тусламж дэмжлэгээ зогсоож магадгүйг салбарынхан ярьж байна. Монгол Улс ядуу буурай биш дунд орлоготойд тооцогдох болсон, оношилгоо-эмчилгээний чадамж бүрдсэн, халдвартай хүмүүсийн тоог харьцангуй цөөн тоонд тогтоон барьж чадсан учир Засгийн газраасаа зардлыг нь бүрэн хариуцах боломжтой гэж үзэж байгаа аж. Энэ оноос эхлэн зарим зардлаа хумьжээ. Тодруулбал, “Глобаль сан”-гаас ДОХ-ын ретровирусийн болон дагалдах халдварын эмийн зардлыг 100% хариуцаж ирсэн бол 2014 оноос энэ санхүүжилтээ Засгийн газарт шилжүүлжээ. Зөвхөн энэ эмэнд л гэхэд тус сангаас Монголд нийт 94.900 ам.доллар зарцуулсан байна. Үүний зэрэгцээ манай халдварт өвчний 1/3-ийг эзэлсээр байгаа бэлгийн замын халдварт өвчнүүдийн эмчилгээнд 470.000 шахам ам.долларын эм нийлүүлжээ.
Монгол Улс цаашид өвчтөнг ДОХ-ын шатанд шилжүүлэлгүй ХДХВ-ийн халдвар авсан даруйд нь эмчлэх, халдвар тархахаас сэргийлэхэд гол бодлогоо чиглүүлэхийг олон улсын байгууллагуудын зүгээс зөвлөж байгаа юм.
4. Эрсдэлт бүлгийнхэнд тусгайлан анхаарав
Манайд бүртгэгдсэн тохиолдлууд бүгд бэлгийн замаар ХДХВ-ийн халдвар авсан бөгөөд тэдний 80% нь эрчүүд байна. Халдвар авсан эрэгтэйчүүдийн дийлэнх нь бэлгийн цөөнх, эмэгтэйчүүдийн олонх нь биеэ үнэлэгч байна.
Иймд биеэ үнэлэгчид, бэлгийн цөөнхийн дунд урьдчилан сэргийлэх хөтөлбөр хэрэгжүүлж, үүнд давхардсан тоогоор 12.000 эмэгтэй биеэ үнэлэгч, 6000 эрчүүдтэй бэлгийн хавьталд ордог эрчүүд, 20.000 гаруй хөдөлгөөнт хүн амыг хамруулжээ. Хөдөлгөөнт хүн ам гэдэг нь гэрээсээ өөр газарт удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй иргэд юм.
Эрсдэлт бүлгийн хүн амын дунд бэлгэвч хэрэглэх зан үйлийг төлөвшүүлж, мэдээлэл зөвлөгөө байнга өгч, үзлэг шинжилгээнд тогтмол хамруулж, нийгмийн амьдралд нь олон хэлбэрээр дэмжлэг үзүүлж байгаа аж. Эдгээрийн дүнд ХДХВ-ийн халдварын бүртгэгдсэн нийт тохиолдлын ихэнхийгэрт үед нь илрүүлж, байнгын хяналтад авснаар халдвар тархах эрсдлийг ихээхэн бууруулж чадсан байна. Биеэ үнэлэгч нэг эмэгтэй 7 хоногт 4, жилд 208 үйлчлүүлэгчтэй бэлгийн хавьталд ордог гэсэн дундаж тооцоо бий. Энэ тооцоогоор авч үзвэл хөтөлбөрт хамрагдсан 1200 биеэ үнэлэгчийн ард 250.000 хүнийг халдвар авах эрсдлээс хамгаалсан гэсэн үг.
Харин нийт иргэдийн хувьд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бүх нэгжээр эмзэг бүлгийнхэнд бэлгэвчийг үнэгүй түгээж, зочид буудал, баар цэнгээний газар, жуулчны баазуудад бэлгэвч авахад төвөггүй болгосон нь халдварын тархалтыг хумихад гол нөлөө үзүүлсэн гэж мэргэжилтнүүд дүгнэдэг.
5. Нийт иргэд ДОХ-оос сэргийлэх дархлаатай болов
Аливаа өвчний эсрэг хамгийн чухал дархлаа бол оношилж чадах багаж хэрэгсэл, эмчилж чадах эмч мэргэжилтнүүд хэдий ч нөгөө талаас түүнээс яаж сэргийлэхийг мэддэг иргэд юм. 15 жилийн өмнөхтэй харьцуулахад өнөөдөр хөдөөгийн малчид ч ДОХ-оос яаж сэргийлэхийг мэддэг болсон. Телевиз хэвлэлээр зөвлөгөө, сурталчилгаа явуулахаас гадна сурагчдын хичээлийн хөтөлбөрт энэ талаар системтэй заадаг болсон нь залуу үеийнхэнд чиглэсэн том хөтөлбөр болжээ. Мөн анагаахынхан төдийгүй багш бэлтгэдэг дээд сургуулиудад ХДХВ, ДОХ, бэлгийн замын өвчний тухай зааж, хүүхэд өсвөр үеийнхэнд зөвлөгөө мэдээлэл өгөх чадвартай багш, мэргэжилтнүүд гаргаж байна.
Түүнчлэн ХДХВ, ДОХ-той тэмцэх чиглэлээр манай улсад төрийн бус 20 гаруй байгууллага тогтмол ажиллаж байна. Тэдний ихэнх нь олон улсын байгууллагын тусламж үйлчилгээг Монголын эрсдэлт бүлгийнхэнд хүргэж, халдвар авахаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг олон нийтэд олгоход гол үйл ажиллагаагаа төвлөрүүлдэг.
Дүгнэлт: Мянганы хөгжлийн 6-р зорилтыг Монгол Улс биелүүлсэн
Нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалтыг бага түвшинд буюу 0.1%-аас бага хэмжээнд тогтоон барьж чадсанаараа Монгол Улс Мянганы хөгжлийн 6-р зорилтыг биелүүлсэн. Гэхдээ НҮБ Монгол Улсыг халд¬варын тархалт багатай ч өндөр эрсдэлтэй орны тоонд оруулдаг. Залуучууд голлосон хүн амтай, тар¬халт өндөртэй хоёр улсын дунд оршдог, ажилгүйдэл ядуурлаас шалтгаалсан нийгмийн үзэгдэл ихтэй нь ХДХВ, ДОХ-ын ихээхэн эрсдэлтэй бүс нутагт багтах үндэслэл болдог аж.
Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас ма¬най улсыг ХДХВ, ДОХ-ын эрсдэлт бүлгийн хүн амын төвлөрсөн тархалттай гэж үздэг. Энэ өвчний халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь эрчүүд, тэр дундаа бэлгийн цөөнх байгаа нь ийм дүгнэлтэд хүргэжээ. ДЭМБ-ын тодорхойлсноор аль нэг өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалт 5%-иас их бол “төвлөрсөн тархалттай” гэж үздэг. Харин манайд бэлгийн цөөнхийн дундах ХДХВ-ийн халдварын тархалтын дундаж 6-10% байна.
ДОХ-ын тухай түгээмэл төөрөгдлүүд
ХДХВ-ийн халдвартай, ДОХ-той хүн ялгаатай
ХДХВ хүний биед нэвтрэн орж тодорхой хугацаанд өсч үржин ямар нэг шинж тэмдэг илрэлгүй үргэлжлэх үеийг ХДХВ-ийн халдвартай үе гэдэг. Улмаар хүний дархлалын эсийн тоо тодорхой хэмжээгээр буурч, үүнээс үүдэлтэй ямар нэг эмгэг шинж илрэхийг ДОХ-ын шатанд орлоо гэж үздэг. Дархлааны эсийн тоо нэг мл цусанд 500-гаас доош орсон тохиолдолд вирусийн эсрэг эмчилгээг эхэлдэг.
ДОХ-ыг бүрэн төгс эмчлэх эм хараахан гаргаж аваагүй байна
ХДХВ, ДОХ-той холбоотой судал¬гааг АНУ, Япон, Европын орнууд голлон хийж байна. Клиникийн туршилт 3-5 жил, бүр 10 жил ч үргэлжилдэг. Энэ хугацаанд ганц хоёр судалгааны үр дүн амжилттай гарсан ч туршилтаар бат¬лагдаж, практикт нэвтэрсэн эмчилгээний арга хараахан байхгүй.
Вирусийн халдвартай ч эрүүл хүүхэд төрүүлж болно
Жирэмсний хяналтын үеэр халдвар авсан нь илэрсэн ч эсэн мэнд амаржсан тохиолдол манайд 10 бүртгэгджээ. Эдгээр 10 эхээс төрсөн 11 хүүхэд халдваргүй, эрүүл саруул бойжиж байна. Энэ нь халдвартай жирэмсэн эхчүүдийн урьдчилан сэргийлэх эмчилгээг цаг алдалгүй эхлүүлж, эхээс урагт халдвар дамжихаас сэргийлж чадсаны үр дүн юм.
Халдвартай хүмүүсийг тусгаарлах шаардлагагүй
Халдвар тээгчдийг тусгаарлах хүсэл, хандлага хаана ч ажиглагддаг. Гэвч энэ бол жирийн ханиадтай адил урьдчилан сэргийлж болдог, дадал хэвшлээс шалтгаалан халдварладаг, эрт илрүүлбэл хүндрүүлэлгүй амьдарч болдог олон өвчний нэг юм.
ХДХВ-ийн халдвартай хэрнээ 30-40 жил эрүүл саруул хүн шиг аж төрсөн тохиолдлууд бусад оронд олантаа тохиолддог нь ХДХВ-ийн халдвартай хүмүүс зөв хэвшилтэй амьдарч, эм тариагаа таслалгүй хэрэглэж, хамгийн гол нь ойр тойрныхон нь ялгаварлаж гадуурхалгүй хандсантай холбоотой.
М.Молор