Монгол улсын Эрүүл мэндийн яам, Люксембургийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол улсын Зүрх судасны төв ба зүрх судасны тусламжийг сайжруулах нь” төслийн хүрээнд “Хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх” сургагч багш бэлтгэх сургалтыг өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Сургалтыг нээлтэд Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Ж.Батбилэг, Шинэ нийгмийн эрүүл мэнд нийгэмлэгийн тэргүүн АУ-ны доктор С.Дуламсүрэн нар оролцож сургалтын зорилго, ач холбогдол, хүлээгдэж буй үр дүн, цаашдын хамтын ажиллагааны талаар танилцуулж санал солилцлоо.
Өнөөдөр эхэлж буй энэхүү сургалтад Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 15 сургуулийн эрүүл мэндийн хичээл заадаг багш нар болон эмч, нийгмийн ажилтнууд хамрагдаж байна.
Сургалтын ерөнхий зорилго нь нийслэлийн ЕБС-ын сургуулиудын сурагчдад Хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар сургалт явуулах сургагч багш бэлтгэх, эцэг эхчүүд сургууль эрүүл мэндийн байгуууллагын хамтын ажиллагааг дэмжих замаар өвчний тархалт, хүндрэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн юм.
Тодруулахад, Стрептококк хэмээх нянгаар үүсгэгдсэн залгиур хоолой, гүйлсэн булчирхай, мөн шүдний үрэвслийг бүрэн гүйцэд эмчлүүлээгүйгээс зүрхний хавхлагын гажиг, мөн үе мөчний үрэвсэл болж хүндэрдэг байна. Олон үе зэрэг гэмтэж нэг үенээс нєгєє үе рүү хэрж хэсч євддєг учир ХЭРХ гэж нэрлэдэг байна.
Дэлхийн хэмжээнд хэрхийн гаралтай зүрхний өвчтэй 33 сая хүн амьдарч байгаа бөгөөд жилд 330 мянган хүн энэ өвчний улмаас нас барж байна. Манай улсад гүйлсэн булчирхайн архаг үрэвсэлтэй хүмүүсийн дөрөвний нэг, хэрхийн шалтгаант зүрхний өвчтэй хүмүүсийн 9 хувь нь 10-19 насны хүүхэд, өсвөр насны залуучууд байна.
Хэрхийн шалтгаант зүрхний гажигтай хүний амь насыг аврах, амьдрах насыг уртасгахын тулд мэс заслын эмчилгээ шаардлагатай болдог гэнэ.
Иймээс хүүхдэд багаас нь хэрхийн шалтгаант зүрхний өвчнөөс сэргийлэх мэдлэг олгох, амьдралын зөв хэвшил, дадалд сургах нь нь манай улсын эрүүл мэнд, боловсролын салбарын сургалтын тулгамдсан асуудлын нэг болоод байна гэж үзсэний үндсэн дээр энэхүү үйл ажиллагаа хэрэгжиж байна.
Цаашдаа сургалтад нийслэлийн 120-д сургуулийн 240 багш, эмч нарыг хамруулах юм.
Сургалтыг Нийслэлийн боловсролын газартай хамтран, Шинэ нийгмийн эрүүл мэнд ТББ-аас зохион байгуулж байна.