Дэлхий дахинаа Мянганы хөгжлийн зорилтод хүрч, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл буурсан хэдий ч тогтвортой бус байгаа тул 2015 онд Тогтвортой хөгжлийн зорилтыг дэвшүүлсэн. “Тогтвортой хөгжлийн зорилт”-д 2030 он гэхэд бүх улс оронд нярай ба тав хүртэлх насны хүүхдийн сэргийлж болох эндэгдлийг тэглэх, нярайн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 12, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 25 ба түүнээс бага болгож бууруулахыг уриалсан.2016 онд Монгол Улсын Засгийн газраас Тогтвортой хөгжлийн зорилтыг батлан, 2020 онд тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 15.0 болгох зорилт дэвшүүлсэн. Улсын хэмжээнд 2017 онд тав хүртэлх насны 1244 хүүхэд эндэж, эндэгдлийн түвшин 16.7 байсан бол 2018 онд 1310 тохиолдол буюу эндэгдлийн түвшин 16.9 болж 0.2 промилоор өссөн нь тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаан, нөлөөлж байгаа хүчин зүйлийг судлах, цаашид хүүхдийн эндэгдлийг бууруулахад анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

Уулзалтыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяа нээж, 2018 оны тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн шалтгаанд дүн шинжилгээ хийх ажлын төлөвлөгөөг танилцуулаад эмч, судлаачдад хандан уг судалгааг хийсний ач холбогдол, судалгааг хийх явцад анхаарах зүйлс, зөвлөмжүүдийг өгөв. Ажлын хэсгийн гишүүд, хүүхдийн эмнэлгийн зөвлөх эмч, тасгийн эрхлэгч, хүүхдийн болон нярайн эмч нар, ТСА, СМТ-ийн эмч, судлаачид бүхий нийт 55 хүн оролцлоо. Уулзалтад идэвхитэй оролцож хамтран ажилласан эмч, судлаач нартаа талархал илэрхийлээд ажилд нь амжилт хүсье.







