Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн Хот Болон Нийгмийн Салбар хариуцсан дарга ноён Сангэй Пенжортойг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй зээл, буцалтгүй тусламж болон техник туслалцааны төслүүдийн хэрэгжилт болон шинэ төсөл, хөтөлбөрийн талаар санал бодлоо солилцлоо.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, санхүүжилт эрүүл мэндийн даатгал болон эмийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн мэдээллийн технологи, хүний нөөцийг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Ховд аймгийн БОЭТ-, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгын засвар, өргөтгөл, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилга, Яаралтай тусламжийн төвийн барилга, сумын эрүүл мэндийн төвийн 6 барилга, өрхийн эрүүл мэндийн төвийн нийт 6 барилга барих үйл ажиллагаа хэрэгжинэ.

Төслийн нийт санхүүжилт 160.0 сая ам доллар бөгөөд олон шатлалт санхүүжилтийн хөтөлбөрийн дагуу 3 үе шаттайгаар санхүүжинэ. Үүнд: эхний үе шатанд 80.0 сая, 2 дахь шатанд 40.0 сая, 3 дахь шатанд 40.0 сая ам доллар тус тус болно.







