Аливаа улсын хөгжлийг хүний хөгжлөөр, тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтээр нь дүгнэх олон улсад тогтсон жишиг байдаг. ХХ зууны эхээр Монгол Улс 600 мянган хүн амтай, нярайн бараг 50 хувь нь төрөх үед болон төрсний дараа энддэг байжээ. ХХI зууны эхээр буюу 2015 он гэхэд Монгол улс нярайн эндэгдлийг эрс багасгаж Мянганы хөгжлийн зорилтыг хангасан дэлхийн 9 орны нэг болсон.
2015 оны 9 сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалтаас дэлхий нийтээр 2016-2030 онд хэрэгжүүлэх “Тогтвортой хөгжлийн 17 зорилт”-ыг тунхаглан баталсан. Манай улсын хувьд эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч бүс нутаг бүрт харилцан адилгүй, тусламжийн тэгш хүртээмжтэй байдал хангалттай бус байна.
Иймд “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-ын хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, МУЗГ-ын үйл ажиллагааны хөтөлбөр, бүх шатны Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох үзүүлэлтүүдийг сайжруулахын тулд “Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гаргая” сэдэвт аймгийн зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд аймгийн Засаг дарга, удирдлагууд, 27 сумдын Засаг дарга нар, Нийгмийн салбарын болон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтнүүд, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл, аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, удирдлагууд, зөвлөх эмч нар, Сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн дарга нар нийт 100 хүн оролцлоо.
Өнөөдрийн зөвлөгөөнийг 2 үе шаттайгаар зохион байгууллаа. Үдээс өмнө дээрхи бие бүрэлдэхүүнүүд зөвлөлдөж, эх хүүхдийн тусламж үйлчилгээнд салбар дундын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдээллээ солилцож, цаашид хэрэгжүүлэх арга замаа бүлгээр ажиллаж, тулгамдаж байгаа асуудлаа багаараа хэлэлцэн гаргаж, зөвлөмжид тусгах саналаа өгч ажилласан.
Зөвлөгөөний төгсгөлд аймгийн Засаг даргын албан даалгаварыг гарган шат шатны байгууллагуудад үүрэгжүүлэн хүлээлгэн өгсөн.
Зөвлөгөөний үеэр аймгийн Засаг даргын санаачилгаар аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын Эрүүл мэндийн төвүүдэд нийт 203.330.847 сая төгрөгний эмнэлгийн багаж тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Үүнд: Нэгдсэн эмнэлэгт фургон автомашин-1, дархлаажуулалтын хөргөгч – 2 суманд, мобайл технологийн иж бүрдэл-11 суманд, лабораторийн тоног төхөөрөмж -2 суманд тус тус гардуулан өглөө.
Эх, хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулахын хүрээнд сүүлийн 2 жил аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Эрүүл мэндийн байгууллагуудад нийт 4.8 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн байна.
Үдээс хойш үүрэг хүлээгч нарын зөвлөгөөнийг үргэлжлүүлэн зохион байгууллаа. Тус зөвлөгөөнд аймгийн болон 27 сумдын Засаг дарга нар, Нийгмийн салбарын болон аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, холбогдох мэргэжилтнүүд, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, мэргэжилтнүүд, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга, удирдлагууд, Ерөнхий боловсролын сургуулийн Захирлууд, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын дарга, удирдлагууд, сумдын Нийгмийн халамжийн ажилтнууд, Нийгмийн бодлогын мэргэжилтнүүд нийт 160 орчим хүн оролцлоо.
Тус зөвлөгөөнөөр хүүхдийн төлөө ажилладаг байгууллагууд зөвлөлдөж, хүүхдийн төлөө салбар дундын хамтын ажиллагааг цаашид хэрхэн сайжруулах талаар хэлэлцлээ. Тус зөвлөгөөний төгсгөлд нэгдсэн зөвлөмж гарч, аймгийн Засаг даргын албан даалгавар гарна.