Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчид, тэнд ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг сайжруулахаар хэрэгжүүлж буй Азийн Хөгжлийн банк (АХБ)- ны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5”(ЭМСХХ-5) төслийн үр дүнг өнөөдөр УНТЭ хүлээн авч байна. Төслийн хүрээнд УНТЭ-т 1 тэрбум төгрөгний төсөвт өртөгтэй ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийн дэд бүтцийг сайжруулах төсөл амжилттай хэрэгжүүллээ. УНТЭ-т барилгын засвар үйлчилгээнд 238,5 сая төгрөгний засвар үйлчилгээ, 708,8 сая төгрөгний өртөгтэй, 29 нэр төрлийн тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн байна.



Энэхүү хөтөлбөрийн 3–р бүрэлдэхүүн хэсэг нь (24,2 тэрбум төгрөгийн өртөгтэй) Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналт (ХСХ)-ыг бэхжүүлэх зорилготой хэрэгжиж, Олон улсын Зөвлөх байгууллагын зүгээс ариутгал үйлчилгээний төв тасгийн шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт, үнийн тооцоог гарган ажилласан.
Улсын хэмжээнд нийт 20 эрүүл мэндийн байгууллагад барилгын засвар хийгдэж, ариутгал халдваргүйжүүлэлт, микробиологийн лабораторийн тоног төхөөрөмжийг ханган нийлүүлэхийн зэрэгцээ салбарын боловсон хүчнийг чадавхижуулах чиглэлээр нийт 516 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн инженер техникийн ажилтанг оролцуулан сургалтууд зохион байгуулсан байна.








