Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Калыбек Кобландин-ыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа тодорхой түвшинд хөгжиж байгааг онцлоод Казахстан Улсын Алмата хот дахь Казахын анагаах ухааны тасралтгүй боловсрол олгох их сургуульд 2015 онд Баян-Өлгий аймгаас 13, Увс аймгаас 2 нийт 15 их эмч хүүхдийн сэхээн амьдруулах-яаралтай тусламж, эх барих, эмэгтэйчүүд, дотор, хавдар, гэмтэл согог судлал зэрэг чиглэлүүдээр мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтад хамрагдсан бөгөөд онол-дадлага хосолсон энэхүү сургалт нь ихээхэн үр дүнтэй, өгөөжтэй, эмч мэргэжилтнүүдийн талархлыг хүлээсэн сургалт болсныг тэмдэглэн хэллээ.
Мөн тус яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Казахстан Улсын Алма-Ата хот дахь Цусны төвтэй хамтран ажиллахаар тохиролцож, харилцан мэдээлэл солилцож байгаа ба үүний зэрэгцээ элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын чиглэлээр харилцан мэдлэг туршлага солилцох боломжтой болохыг мэдэгдэв.
Элчин сайд Калыбек Кобландин мөн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар товч мэдээлэхийн зэрэгцээ Казахстан Улсын хувьд өнгөрсөн оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Астана хотод зохион байгуулагдсан Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний асуудлаарх Олон улсын бага хурлаас гаргасан Астанагийн тунхаглалыг тогтоол болгон Дэлхийн эрүүл мэндийн 72-р чуулган болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар батлуулахаар ажиллаж байгаа тул үүнд Монгол Улсыг хамтран зохиогчоор оролцох санал дэвшүүлэв.
Уулзалтын явцад талууд хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хамтын ажиллагааны саналуудыг тааламжтай хүлээн авч хамтран ажиллахаа мэдэгдсэнээр уулзалт өндөрлөв.