
Сүүлийн таван жилд менингококкт халдварын өвчлөл Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэл хотод 0-5 хүртэлх насны хүүхдийн дунд бүртгэгджээ. Уг өвчлөл 3-4 дүгээр сар болон 9-11 дүгээр саруудад зонхилон тохиолдож, гол төлөв А, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгдсэн байна. Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм.

Тиймээс уг өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан дэгдэлт болохоос урьдчилан сэргийлж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас ХӨСҮТ-тэй хамтран эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг эрчимжүүлж ажиллах талаар сургалт хийлээ.

Энэ хүрээнд менингококкт халдвар гарсан тохиолдолд мэдээллийг хэрхэн шуурхай солилцох, бусад тууралтат халдваруудаас ялган оношлох, нян судлалын шинжилгээнд сорьц цуглуулах, тээвэрлэх, шинжлэх, тархвар зүйн тандалт, голомтонд авах хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардагдах эм тариа, хэрэглэлийн нөөцийн бэлэн байдалд хяналт тавьж ажиллах талаар мэдээлэл өгч, дүүрэгчилсэн хэлбэрээр зохион байгууллаа.