
Хөдөлмөрийн сайдын 2013 оны А/61 дүгээр тушаалаар батлагдсан энэхүү болзолт уралдаан нь үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулж, ажилтнуудыг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Аж ахуйн нэгж байгууллагуудыг “Жижиг” (50 хүртэл ажилтантай), “Дунд” (51-199 ажилтантай), “Том” (200-аас дээш ажилтантай) гэсэн 3 ангиллаар шалгаруулж алдаршуулдаг уг уралдаанд ЦССҮТ дундын ангилалд 2 дугаар байр эзэлж, өнгөрөгч онд энэхүү томоохон шалгаруулалтыг хангасан эрүүл мэндийн салбарын ганц байгууллага боллоо.

ЦССҮТ нь ISO 9001-ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО, ISO 15189-ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИ ЧАНАР БА ЧАДАВХИД ТАВИГДАХ ШААРДЛАГА, OHSAS 18001-ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО гэсэн олон улсын 3 стандартыг нэвтрүүлсэн эрүүл мэндийн салбарын анхны байгууллага болсон билээ.
Дээрх нэр хүндтэй арга хэмжээнд оролцсон зочид, шагнал хүртсэн байгууллагын төлөөлөл ёслолын ажиллагааны дараа ЦССҮТ-д зочилж, бүхий л үйл ажиллагаатай нь танилцаж, туршлага солилцлоо.
Дээрх нэр хүндтэй болзолт уралдааны дундын ангилалд 3 дугаар байр эзэлсэн Үндэсний томоохон аж ахуйн нэгжийн нэг болох "Жүр үр" ХХК-ийн төлөөллөөс сэтгэгдлийг нь сонсвол "Эмнэлгийн байгууллага болоод ч тэр үү цэвэрхэн, цэгцтэй, ая тухтай, өрөө танхимууд нь саруулхан, гэгээтэй сайхан газар байна" хэмээгээд улам их амжилт хүсэв.