
Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэ хугацаанд төрийн болон төрийн бус байгууллагын шугамаар сайн дурын мэргэжилтнүүдийг ажиллуулах, хүүхдийн эрхийг хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах, боловсон хүчнийг чадавхжуулахад чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн юм. Тухайлбал, ИБУИНВУ-ын Хүүхдийг ивээх сан Монгол дах хөтөлбөр олон жилийн турш үйл ажиллагаа явуулж Монгол Улсад хүүхдийн эрхийг хангах, хамгаалах, ялангуяа эмзэг бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд үр дүнтэй хамтран ажиллаж байсан.

2012 онд Их Британи Улсын эрүүл мэндийн салбарын 5 мэргэжилтэн бүхий судалгааны баг Монгол Улсад ирж ажиллаж, анхан шатны болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, эмч мэргэжилтнүүдтэй ярилцах зэргээр судалгаа хийж, эрүүл мэндийн салбар дахь хэрэгцээ шаардлага, тулгарч буй бэрхшээлтэй асуудлуудыг тодорхойлон цаашид хийгдэх ажлуудын чиглэлийг тодорхойлсон.
Үүний дараагаар энэхүү судалгааны багийн гаргасан дүгнэлт дээр үндэслэн 2013 онд УИХ-ын гишүүд болон ЭМЯ-ны баг Их Британи Улсад танилцах аялал хийж, тус улсын анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэл, эмнэлгийн шинэчлэлийн бодлого, санхүүжилт, төлөвлөлт, менежмент болон эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны талаар харилцан туршлага солилцсон юм. Энэ үеэр төлөөлөгчид Камден, Ислингтоны эмнэлэгт зочилж, тус эмнэлгийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай танилцан цаашид хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон.

2015-2016 онд Др. Фиона Нолан Монгол Улсад удаа дараа ирж, ажиллан Монгол Улсад сэтгэцийн эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан.
Сэтгэцийн өвчтэй хүмүүст тусламж үзүүлж, сувилж, асрах мэргэжилтнүүдийг бэлтгэх энэхүү төслийг 2019 оноос гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр болсон байна. Уг төслийг Англи, Голланд, Финланд Улсын тус бүр нэг сургууль, манай улсын АШУҮИС, Этүгэн их сургууль, Энэрэл дээд сургууль хамтран хэрэгжүүлнэ.