Дэлхийн мянганы хөгжлийн тав дахь зорилтод эхийн эндэгдлийг 2015 он гэхэд 1990 онтой харьцуулахад 75 хувиар бууруулахаар заасан байдаг. Манай улсад эхийн эндэгдэл 1990 оны түвшингээс бараг 4.6 дахин буурч, эхийн эндэгдэл өндөр орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд хүрээд байна. 2017 оны байдлаар эхийн эндэгдлийн 20 тохиолдол бүртгэгдэж 100 000 амьд төрөлтөд 26.9 байна. 2016 оноос эхийн эндэгдэл 18 тохиолдлоор буюу 47.4 хувиар, 100 000 амьд төрөлт тутамд 21.7 эндэгдлээр буурсан байна.
Түүнчлэн нялхас болон тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 оноос хойшхи 20 жилийн хугацаанд эрчимтэй буурч байгаагийн илрэл нь 1 000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 2017 онд 1990 оны түвшинтэй харьцуулахад 5.2 дахин ба нялхсын эндэгдэл 4.7 дахин тус тус буурснаас харагдаж байна.Сүүлийн жилүүдэд нялхсын эндэгдэл тогтвортой буурч Мянганы хөгжлийн зорилтын үзүүлэлтийг хангаад байгаа бөгөөд 2013 онд 1 000 амьд төрөлтөд 14.6 болсон ба 2017 онд 13.6 болж хамгийн бага түвшинд хүрсэн жил болсон.
Ийнхүү манай орон Тогтвортой хөгжлийн зорилтыг хангаад байгаа бөгөөд энэхүү амжилтаа тогтвортойгоор авч явах, улам бататгах, эх, нярайн эндэгдлийг тууштай бууруулах шаардлага тавигдсаар байна. Энэ хүрээнд ЭМЯ, ЭМХТ, НҮБ-ын ХАС хамтран “Эх нярайн тусламж үйлчилгээнд үзүүлэх удирдлагын манлайлал” сургалт хэлэлцүүлгийг 2018 оны 12 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд зохион байгуулж, ЭМЯ, ЭМХТ, Нийслэл, аймгийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдэл, нийслэлийн амаржих газрын дарга, удирдлагууд оролцлоо.
Уг сургалт хэлэлцүүлэгт ЭМЯ-ны Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга Д.Мөнхцэцэг оролцож 2017 онд гарсан эхийн эндэгдлийн 20 тохиолдол бүр дээр дүн шинжилгээ хийж, хэрхэн эдгээр эхийн эндэгдэлүүдээс сэргийлж болох байсан болон цаашид дээрхтэй ижил тохиолдолууд, бусад гарч болох алдаа дутагдлуудыг гаргахгүйгээр ажиллахад эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж болох талаар сургалтад хамрагдаж байгаа удирдах ажилтнуудтай хэлэлцлээ. Мөн Анагаах ухааны эрхзүй ба ёсзүй, хүний нөөцийн бодлого, эх нярайн тусламж үйлчилгээний орчин үеийн чиг хандлага зэрэг сэдвүүдээр хичээл орж Эх, нярайн тусламж үйлчилгээнд удирдлагуудын манлайллын чиглэлээр сайн туршлагуудаасаа хуваалцан, санал солилцлоо.