
Цахим хуралд оролцогсдод “Эхийн эндэгдлийн өнөөгийн байдал”, “Эхийн эндэгдлийн тохиолдолд суурилсан зөвлөмж, сургамж”-ийг ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албанаас, “Жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр, түүний хүндрэл, зөвлөмж, сургамж” сэдвээр ЭХЭМҮТ-ийн зөвлөх эмч Н.Дашзэвгэ, 2018 оны эхийн эндэгдлийн шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйлс, “Жирэмслэхээс өмнөх үеийн тусламж үйлчилгээ, жирэмсний хяналтын чанарт онцгой анхаарах” талаар ЭМЯ-ны Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн өвчин судлалын тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг мэдээлэл хийлээ. Мөн ЭХЭМҮТ-ийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн зөвлөх эмч С.Амармандах жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр, түүний хүндрэлээр эх ноцтой хүндрэх, эндэх тохиолдол гарсаар байгаатай уялдуулан жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэрийн эмчилгээний зарчим, таталтаас урьдчилан сэргийлэх эмчилгээ, артерийн даралт бууруулах эмчилгээнд өргөн хэрэглэгдэж буй никардипин (кардив)-ын үйлчилгээ, хэрэглэх тун, аргын талаар зөвлөмж өглөө.

Тэрээр Монгол улсад 2018 онд үжил, умайн урагдал, манас таталтын урьдлын хүнд хэлбэр, манас таталт, цус алдалтын улмаас эх эндсэнтэй холбогдуулан үжил халдварын үеийн антибиотик эмчилгээний сонголт, төрөлт сэдээх, эрчимжүүлэх окситоцин, мизопростол, цус алдалтын үеийн цус цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаар зөвлөөд, ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн Эрчимт эмчилгээний тасагт байрлаж буй 24 цагийн ажиллагаатай телемедицины сүлжээнд хот, орон нутгийн эмч нар хүнд үйлчлүүлэгчийн талаарх мэдээллийг бүрэн гүйцэд оруулж, зөвлөгөө авч болохыг эмч мэргэжилтнүүдэд сануулав. Цахим хуралд оролцогчдоос Төв, Булган, Орхон аймгийн эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултанд ЭМЯ-ны ЭТГ-ын мэргэжилтэн Б.Цэвэлмаа, ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга нар хариулт өглөө. Цахим хуралд оролцсон нийт эмч мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.
