Улсын гуравдугаар төв эмнэлгийн “Зөвлөх поликлиник”-ийн хамт олон “ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ТАНЫ ТӨЛӨӨ” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгөөр эмнэлгийн тусламж үйлчилгээний ил тод байдлыг хангах, эмчийн үзлэгийн хүлээгдэл чирэгдлийг бууруулах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан бөгөөд өдөрлөгийн үеэр цусны даралтыг эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, харвалтын эрсдэлийг тодорхойлох, захын цусанд сахар тодорхойлох, ясны сийрэгжилт тодорхойлох зэрэг шинжилгээг хийж, мэргэжлийн эмчийн үзлэг, зөвлөгөө, зөвлөмжийг өгч ажиллалаа.
Тус үйл ажиллагааны үеэр иргэд үйлчлүүлэгч нарт зориулсан “Цусны даралт эрт илрүүлэх булан”-г нээж, мэргэжлийн эмч нар болон нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд иргэд, үйллчүүлэгчдэд “Зөв зохистой хооллолт”, “Цусны даралт ихсэх өвчний талаар”, “Зүрх судасны өвчний эрсдэлт хүчин зүйлс”, “Тархинд цус харвахгүй байж болно” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулан, ганцаарчилсан ба бүлгийн хэлбэрээр зөвлөгөө өгч, эрүүл мэндийн боловсрол олгох, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн гарын авлага, зөвлөмж 1600 ширхэгийг бэлтгэн тараасан бөгөөд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтанд 450 хүн, өдөрлөгийн үйл ажиллагаанд нийт 800 гаруй иргэд, үйлчлүүлэгчдийг хамрууллаа.