ГССҮТөвийн Статистик мэдээлэл, тандалт судалгааны алба нь энэ хугацаанд “Осол гэмтлийн тандалтын үйл ажиллагааны удирдамж”-ийг боловсруулан хэвлүүлж, осол гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бүхий л шатны улсын болон хувийн нийт 60-аад эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байсан бол энэ удаад Нийслэлийн хэмжээнд осол гэмтлийн тусламж үйлчилгээ үзүүлэгч эмнэлгүүдийн мэдээлэл зүйн мэргэжилтэн-статистикч эмч нарт 2018 оны 11 сарын 14-нд, яаралтай тусламжийн болон гэмтлийн анхны тусламж үзүүлдэг үзлэгийн эмч нарт 11 сарын 15-нд “Осол гэмтлийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Тандалтын үйл ажиллагаанд хамтран ажилладаг эмч мэргэжилтнүүдийн тандалтын талаарх ойлголт мэдлэг, түүнд хандах идэвх чармайлт нэмэгдсэнээр урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх ажлыг зорилтот бүлэгт чиглүүлэхэд шаардлагатай дүн шинжилгээ бүхий мэдээлэл, судалгааны чанар сайжрах боломжийг бүрдүүлэх юм.
Сургалтаар:
- Тандалтын талаарх үндсэн ойлголт
- Осол гэмтлийн тандалтын тогтолцооны үе шат, хийгдэх үйл ажиллагаа, тэдгээрт эмч мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо
- Өвчний олон улсын 10-р, үйлдлийн 9-р ангиллын осол гэмтлийн бүлэг
- “Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас” маягтыг бүртгэх, хөтлөх заавар
- Осол гэмтлийн шинэ тохиолдлын мэдээний цахим сан, түүний бүрдүүлэлтэд анхаарах асуудлууд, гарч буй нийтлэг алдаа
- Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх
- Нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа зэрэг сэдвүүд болон анхан шатны үзлэгийн эмч нарт Эмнэлгийн анхан шатны яаралтай болон амилуулах суурь тусламж, Хордлогын үеийн эмнэлгийн тусламж, Осол гэмтлийн зонхилон тохиолдох хүндрэлээс сэргийлэх талаар ЭМХТөв, Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төв, ГССҮТөвийн эмч мэргэжилтэн, сургагч багш нар сургалт явууллаа.