
Эхний сургалтуудад хамрагдсан 77 сувилагч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтаа амжилттай өгч, 39 сувилагч ажилд ороод байгаагаас төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт 9, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт 12, өрхийн эрүүл мэндийн төвд 3, бусад хувийн байгууллагад 15 сувилагч ажилд орсон байна.
“Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах” болон “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” сургалтад амжилттай хамрагдаж, цаашид тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой сувилагч нарыг ажилд авах хүсэлтээ Эрүүл мэндийн яамны харьяа байгууллага, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа байгууллага, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд ирүүлээд байгаа бөгөөд одоогоор 267 ажлын байрны захиалга Эрүүл мэндийн хөгжлийн төвд иржээ.
Өнөөдөр “Сувилагчийн мэдлэг, чадварыг бататгах”, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх” 2 дахь ээлжийн сургалтуудын нээлт Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Сувилахуйн сургуульд болж, нийт 63 сувилагч хамрагдаж байна.
Сургалтын нээлтэд Улсын I төв эмнэлэг, Улсын III төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Геронтологийн үндэсний төв зэрэг зарим эмнэлгийн сувилахуйн албаны дарга нар ирж өөрсдийн байгууллагын сувилахуйн албаны үйл ажиллагаа, ажлын орчин, бусад боломж, дутагдалтай байгаа сувилагчийн орон тооны талаарх мэдээллийг өгсөн байна.