
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлт аливаа улс орны хөгжил, хүн амын эрүүл мэндийн түвшинг илтгэдэг. 2015 онд Дэлхий нийт “Тогтвортой хөгжлийн зорилт”-оо хэлэлцэн баталж, 2030 онд эх, хүүхдийн эндэгдлийг дорвитой бууруулах шийдэл гаргасан. Бүх улс орнууд нярайн эндэгдлийн түвшинг 1000 амьд төрөлтөд 12, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 25-аас бага болгон бууруулахаар зорилтоо тодорхойлсон.

Тогтвортой хөгжлийн зорилтоо бодит ажил хэрэг болгохын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр үр дүнтэй аргачлал, арга хэмжээг, тухайлбал “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж”, “Имж эх асаргаа”-г үр дүнтэй хэрэгжүүлэх, амьсгал хямралын гачаалыг эмчилж нярайн эрт үеийн эндэгдлийг бууруулахаар ажиллаж байна.

Хүүхэд эрүүл мэндээ хамгаалуулах, тусламж, үйлчилгээ авах хууль, эрх зүйн цогц орчинг бүрдүүлэхээр ажиллаж байна. УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай хууль”-ийн төслийн талаарх хэлэлцүүлгийг ойрын үед хийх гэж байна.



Осол гэмтлийн улмаас хүүхэд эндэж байна. 2018 оны 09 дүгээр сарын байдлаар нийт нас барсан хүүхдийн 14,1% нь осол гэмтлийн шалтгаантай байна. 11-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд орсон өөрчлөлтүүд нь зам, тээврийн осол, тээврийн хэрэгслийн хурдаас шалтгаалсан ослыг бууруулах, жолооч, явган зорчигчийн амь насыг хамгаалах, хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд замын хөдөлгөөнд аюул, бэрхшээлгүй оролцох нөхцлийг хангахад үр дүн өгнө гэсэн хүлээлттэй байна. Үүний зэрэгцээ тогтвортой мэдээлэл, сэрэмжлүүлэг шаардлагатай гэж үзэж нийгмийн эрүүл мэндийн боловсролын чиглэлээр системтэй үйл ажиллагаа явуулах бодлого төлөвлөгөө, тооцоо судалгааг яамны Нийгмийн эрүүл мэндийн газар хийж дуусч байна. Үр дүнтэй, чанартай тусламжийг цаг алдалгүй үзүүлж чадвал эх, хүүхдийн эндэгдлийн талаас илүү хувийг урьдчилан сэргийлэх боломжтой болохыг мэргэжилтнүүд хэлж байна.

.jpg)