Эмч сувилагч, сувилагч өвчтөний зохистой харьцааг бүрдүүлж, сувилагчдийн ажлын ачааллыг бууруулан улмаар тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлэн тавьсан “1:2” зорилтын хүрээнд явагдаж буй сургалтуудын нэг болох Сувилагч нарыг мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад ороход бэлтгэх, дэмжлэг үзүүлэх 3 хоногийн сургалт өнөөдөр АШУҮИС-ийн Сувилахуйн сургууль дээр нээлтээ хийлээ.
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг ЭМХТ сар бүр авдаг бөгөөд энэхүү шалгалтаас 5 өдрийн өмнө дээрх сургалтыг тогтмол зохион байгуулах юм.
Уг сургалтаар хүүхэд асрах чөлөөтэй байсан болон бусад шалтгааны улмаас мэргэжлээрээ 5 хүртлэх жил ажиллаагүй сувилагч нарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд бэлтгэхэд нь дэмжлэг үзүүлэх, мэдлэгийг олгох юм.
Энэ удаагийн сургалтанд 30 сувилагч хамрагдсан бөгөөд эдгээр хүмүүс сургалтын дараа мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтанд орох юм.
Цаашид 1:2 зорилтын хүрээнд сувилахуйн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох, сувилагчдын мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд анхаарч сургалтын олон хэлбэрээр мэргэжил дээшлүүлэх, зайн болон танхимын сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна.