Байнгын асаргаа сувилгаа шаардагдах иргэнд сувилахуйн мэргэжлийн тусламжийг үзүүлэх зорилгоор “Сувилахуйн төв”-ийг байгуулж, үйл ажиллагааг эхлүүллээ. Энэхүү сувилахуйн төвийг “Энэрэхүйн эзэд” төрийн бус байгууллага хариуцаж, ажиллуулах юм.
“Энэрэхүйн эзэд” төрийн бус байгууллага нь орон нутгийн хүн амд асаргаа, сувилгааг үзүүлэх зорилгоор 2017 онд байгуулагдаж, эрүүл мэндийн байгууллагаас тэтгэвэрт гарсан 300 гаруй ахмад эмч, сувилагч нарыг нэгтгэж, ялангуяа хэвтрийн хүнд өвчтэй иргэдэд тусламж үйлчилгээг үзүүлсээр ирсэн байна.
“Сувилахуйн төв”-д мэс засал, сэхээн эрчимт эмчилгээ, халдварт, хүүхдийн сувилахуйгаар олон жил ажилласан туршлагатай, ахмад сувилагч М.Эрдэнэцэцэг, М.Ариунаа, Д.Таня, С.Жигмиддорж, Ч.Батнасан, М.Балчинтуяа нар болон ахмад эмч Д.Адъяа, С.Нүрдэв, М. Туяа нар хамтран ажиллах юм.
“Сувилахуйн төв” нь ЭМС-ын А/381 тушаалын дагуу гэрээр болон өдрөөр үзүүлэх сувилахуйн тусламж үйлчилгээ, зөвлөгөө өгөх тусламж үйлчилгээг үзүүлэх ба Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаныхан төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, асаргаа сувилгааны зарим багаж хэрэгслээр хангасан ба бусад сувилагч, ажиллагсад ч хувь нэмрээ орууллаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, Эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл нар оролцож хүн амын эрүүл мэнд, сайн сайханы төлөөх үйлсэд нь амжилт хүсэв. Ийнхүү сувилахуйн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдийн эрэлт хэрэгцээтэй байгаа асаргаа сувилгааны тусламжийг мэргэжлийн түвшинд үзүүлэх “Сувилахуйн төв”-ийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн нь “Үйлчлүүлэгч төв”-тэй тусламж үзүүлэх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж байна.