Манай ард түмэн олон зуун жилийн тэртээгээс уламжлагдан ирсэн аргаар аливаа өвчнийг эмчилж, урьдчилан сэргийлж ирсэн. Монголын уламжлалт анагаах ухаан нь монгол хүний бие махбодь, оюун санаа, сэтгэл зүйн онцлог, нүүдэлчдийн ахуй нөхцөл, ѐс заншилтай зохицсон, өөрийн өвөрмөц төрхтэй, бие даасан эрдэм мэдлэг, оюуны соѐлын нандин өв юм.
“Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг УИХ-ын 1999 оны 46-р тогтоолоор батлан хэрэгжүүлсэн, 2009 онд МУАУ-ны анхдугаар чуулган зохион байгуулж, төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, УАУ-ны хөгжлийн өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх тулгамдсан асуудлыг хэлэлцэж, төр засаг, мэргэжлийн байгууллагуудын баримтлах бодлого, чиглэл, хэрэгжүүлэх арга замуудыг оновчтой сонгон, хүн амд УАУ-ны талаар бодитой мэдээлэл өгөх зорилгоор “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг батлуулан хэрэгжүүлсэн.
Манай улсад 1990 оноос эхлэн уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойш эдүүгээ улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн 7 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж, жил бүр 230-260 уламжлалт анагаах ухааны их эмчийн мэргэжлээр төгсгөж байна. Монголын уламжлалт анагаах ухааны төр, хувийн хэвшлийн 45, гадаадын хөрөнгө оруулалттай эмнэлэг 9, амбулатори 200 орчим ажиллаж, 841 уламжлалт анагаах ухааны их эмч, 455 сувилагч анхан болон лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Мөн уламжлалт эмийн 7 үйлдвэр ажиллаж, эрүүл мэндийн салбарын эрдэмтэн судлаачдын шинээр зохион бүтээсэн 60 гаруй эм, биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, 480 гаруй нэр төрлийн уламжлалт эмийг үйлдвэрлэн, улсын бүртгэлд бүртгүүлж, чанарын баталгаатай эмээр ард иргэдийг хангаж байна. Цаашдаа уламжлалт эмийн нэр төрлийг нэмэгдүүлэн, уламжлалт эмийн үйлдвэрүүдэд олон улсын эмийн үйлдвэрлэлийн зохистой дадлын стандартыг үе шаттайгаар нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Уламжлалт анагаах ухааны салбараас Ардын эмч 1, Монгол Улсын хүний гавъяат эмч 8, академич 5, Анагаахын шинжлэх ухааны доктор 6 төрөн гарсан байна. Монголын уламжлалт анагаах ухааны эмч нар АНУ, Австри, Унгар, Чех, Польш, ОХУ, Казакстан улсад амжилттай ажиллаж, амьдарч байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд “Хүн амыг уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалах, сайжруулах мэдлэг, арга барилтай болгох мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлэх” үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж хэрэгжүүлсэнээр уламжлалт анагаах ухааны нийгмийн эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгааг 2020 онд бүх хүн амд хүргэсэн байхаар тусгасан.
Энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд хүн амыг уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалах, сайжруулах мэдлэг, арга барилтай болгох мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийх нэгдсэн төлөвлөгөө боловсруулж Эрүүл мэндийн сайдын 2018 оны 247 дугаар тушаалыг батлуулан, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Мөн уламжлалт анагаах ухааны хөгжил, дэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, уламжлалт эм, инновацийн бүтээгдэхүүнийг иргэдэд танилцуулах, уламжлалт анагаах ухааны аргаар өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, үзлэг, оношилгоо хийх зорилгоор “Уламжлалт анагаах ухааны аргаар эрүүл мэндээ хамгаалья” сэдэвт өдөрлөгийг 2018 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж байна.
Энэхүү өдөрлөгийн үйл ажиллагаанд уламжлалт анагаах ухааны чиглэлээр эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургууль, төрийн болон хувийн хэвшлийн уламжлалтын эмнэлгүүд, уламжлалт эмийн үйлдвэрүүд оролцож байна.