“Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006” төслийн Удирдах хорооны хурал боллоо. Төслийн Удирдах хорооны даргаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, дэд даргаар Люксембургийн Их Гүнт Улсын Гадаад хэргийн яамны төлөөлөл бүрэлдэхүүнд МУ-ын ЭМЯ, Сангийн яам, НЭМГ, УГТЭ, Люксембургийн хамтны ажиллагааны нийгэмлэгийн удирдлагууд ажилладаг.
Монгол улсын Зүрх судасны тусламж, үйлчилгээг бэхжүүлэхэд хамгийн тууштайгаар, дорвитой, бүх аймаг улсын эмнэлгийг хамруулан хэрэгжиж байгаа төсөл бол Люксембургийн төсөл. Люксембургийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээнүүд нь Монгол улсын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа Зүрх судасны өвчний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг сайжруулж бэхжүүлэх чиглэлд ажилладаг.
Монгол улсын ерөнхий сайд 2001 онд Люксембургийн Их Гүнт Улсад хийсэн албан айлчлалын үеэр хоёр улсын засгийн газрын хооронд “Ойлголцлын санамж бичиг” зурагдаж зүрх судасны өвчний тусламж үйлчилгээг сайжруулах тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр “Зүрх судасны төв” төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
“Монголын Зүрх судасны үндэсний төв ба Зүрх судасны тусламж үйлчилгээг уялдуулан сайжруулах нь МОН/006” төсөл нь 17 жилийн хугацаанд 4 үе шаттай хэрэгжиж байгаа төслийн 4-р шат бөгөөд 2017 оны 6 сараас эхлэн хэрэгжсэн.
Төслийн удирдах хорооны хурлаар 2017-2018 оны 9 сар хагас хүртэл хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2018 оны 9 дүгээр сараас 2019 оны 7 сар хүртлэх хугацаанд хийх үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн баталлаа.